Монголын эдийн засгийн сургамж, шийдэл, сорилтын талаар хэлэлцэж буй эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрбээр, \”Нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн дийлэнхийнх нь амьдрал хэцүү байна. Ахмадууд төрсний гэрчилгээгээ, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг барьцаалаад мөнгө зээлж байна. Хэрэв бид том төслүүдээ хөдөлгөсөн бол иргэдийн амьдрал ийм болохгүй байсан. Том төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй.
Монголын зовлон гаднаас биш дотроос байдаг. Эдийн засгийн хямрал бол эдийн засагт биш улс төрд байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр эдийн засгийн чуулган бол эдийн засаг биш улс төрийг ярьж таарах нь. УИХ-ын чуулган цөмийн хаягдлыг булшлах талаар хуралдах гээд гурав хоног хуралдсангүй. Нэг нь хэлэлцэнэ, нөгөө нь хэлэлцэхгүй гээд. Үүнийхээ оронд хариуцлагын хуулийг батла л даа. Хариуцлага улс төрчдийн шалгалт байх ёстой.
УИХ-ын гишүүн хууль санаачилсан гээд нэрээ бичихэд 20 сая төгрөг авдаг юм байна. Энд сууж байгаа зарим нь мэдэж байгаа. Монгол Улсын рейтинг унасан бол тухайн Засгийн газартай хариуцлага тооцож, дахиад унавал Засгийн газрыг Ерөнхий сайдтай нь зайлуулах хэрэгтэй.
Нобелийн шагналт Япон эрдэмтэн ирээд танайд нөөц боломж байна, эдийн засгаа арав дахин өсгөх боломжтой, залуучууд хийж чадна гээд явсан байна лээ. Бид зүтгэх л хэрэгтэй. Монгол хөгжинө өө” хэмээлээ. Мөн энэ өдрийн хуралдааны зочноор оролцсон Байгалийн баялгийн засаглалын институцийн Ерөнхийлөгч Даниел Кауфман үг хэлж, Монгол Улсын өнөөгийн хөгжлийн талаар болон улс орны онцлогийн талаар санал бодлоо хуваалцсан юм. Мөн Төрийн ордоны танхимуудад холбогдох салбар хуралдаанууд үргэлжилж байна. Эмнэлгийн даатгал, инноваци, барилгын салбарын хөгжил зэргийг өнөөдрийн салбар хуралдаанаар хөндөх учиртай.
Эх сурвалж: mminfo.mn