Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж, Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
Хуралдаанд Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг томилуулах тухай асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжив.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах тухай асуудлыг байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувийн саналаар дэмжлээ.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилуулах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.