Панам дахь оффшор дансны мэдээлэл алдагдсантай холбогдуулан олон орны
улстөрчид, бизнесмэнүүдийн үнэн дүр төрх илчлэгдээд байна. Оффшор хэмээх хилийн
чанад дахь нууц дансанд гаднынхан гэлтгүй манайхан ч хууль бус мөнгөө нуудаг нь
нууц биш. Тэгвэл Ерөнхий сайд нь Панамд оффшор данс эзэмшдэг байсан нь ил
болсноор Исландад эмх замбараагүй байдал үүсээд байна.
Тус улсад олон мянга
иргэн Төрийн ордны гадаа цуглаж, Ерөнхий сайд Зигмунд Дэвид Гунлаугсон /Sigmundur
Davíð Gunnlaugsson/-ыг нэн даруй огцорч, шинэ сонгууль явуулахыг шаарджээ. Түүнчлэн уурлаж бухимдсан хэдэн мянган хүн Төрийн ордон уруу өндөг, йогурт
шиджээ. Зигмунд Дэвид Гунлаугсон телевизэд ярилцлага өгч өөрийгөө зөвтгөхийг оролдсон ч ард иргэд түүнд дахин итгэж чадахгүй хэмээн одоог хүртэл жагссаар байна.
Энэ явдалтай холбогдуулан Исландын Ерөнхий сайд Зигмунд Дэвид
Гунлаугсоны нэр хүнд навс унаснаас гадна түүнийг Панамын арлуудаас гадна
Виржинийн арлууд, Сейшелийн арлуудад мөн оффшор данстай гэх мэдээлэл тархаад
байна. Исландад оффшор данс эзэмшдэг улстөрчийн асуудал тус улсад сүүлийн хэдэн
жилд үзэгдээгүй ноцтой байдал бий болгоод байна. Харин манайд эсрэгээрээ оффшор
данстай эрхмүүд улстөрөөс зайлуулагдах нь битгий хэл албан тушаал ахисаар байдаг.