\”Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо. Хүн
бүр 15 сая төгрөгийн өртэй” гэсэн сүржин агуулга бүхий мэдээлэл цахим
хуудсуудаар цацагдаж байна. Та, би, бид өөрөө ч мэдэлгүй явж байгаад л 15 сая
төгрөгийн өртэй болж л дээ.
Зам талбай засч, барилга байшин босгох гээд л олон бүтээн байгуулалтууд
өрнөж байгаа. Эдгээрт зарцуулсан хөрөнгө нь бидний ирээдүйд төлөх өр. Гэхдээ л энэ
бүгд нь нийлээд 15 сая төгрөг хүрэхгүй л байгаа юм. \”Яагаад, юунаас болоод
хаанаас 15 сая төгрөгийн өр гараад ирэв ээ” гэж асуух байх л даа. Тэгвэл дээр
хүн бүр өртэй боллоо гээд зарлаад байгаа МАН-ын гишүүдийн хувийн компани даа
авсан өр зээл нь нэмэгдээд алс даа Монголчууд биднийг арав гаруй сая төгрөгийн
өрөнд оруулчихаад байгаа аж.
Үүнийг би олж мэдээд, өнөөдөр та бүхэнд зарлаад байгаа юм биш л дээ. Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Эдийн засгийн чуулган”-ыг нээх үедээ дараах
мэдэгдлийг хийсэн юм.
Тэрээр мэдэгдэлдээ \”2011 он хүртэл зөвхөн Засгийн газрын өрийг тооцож
байснаа шинэ хуулиар Монголбанк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компаниудын
зээл, тэр бүү хэл толгой компаниасаа охин компани руугаа шилжүүлж зээлдүүлсэн
хөрөнгө оруулалтыг хүртэл \”өрөнд тооцож” нэгтгэн мэдээлэх болсон. 21 тэрбум
төгрөгийн талаас илүү хувь нь ийм
бүртгэлийн өрнөөс үүсэлтэй. Тэгэхээр яг \”Засгийн газрын өр” гэж хэлэхэд үнэхээр
хэцүү. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум долларын
зээл байна.
\”Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг өрийн тал нь хаачив гэж
асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах
боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн
Энх-Амгалангийн Эм Си Эс, УИХ-ын гишүүн Номтойбаярын МАК зэрэг Монголын олон олон хувийн хэвшил,
компаниудын авсан зээл юм. Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд
өөрийнхөө тавьсан өрийн доороос өндийж авбал дээргүй юу, улстөрч нөхөд өө. Та
бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй
гэдгийг хатуухан хэлчихье” гэж дурдсан байгаа юм.
Түүний мэдэгдлээс харахад Монголчууд бид 15 сая төгрөгийн өр төлөөд байх
шаардлагагүй аж. Зээл авсан компаниуд, аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө л өрөө
дараг. Харин бид зам тавьж, эмнэлэг барихад зарцуулсан зээлийг эргэн төлөх нь
ойлгомжтой. Гэхдээ л 15 саяыг бус. Хэрвээ 15 саяыг төлүүлэх гээд байгаа бол МАН-ынханд
\”Та нарын өрийг бид төлж чадахгүй шүү” гэдгээ тун ойлгомжтойгоор илэрхийлж
болох юм.
Ер нь энэ улс төрчид чинь өөрийнхөө
компанид зээл авчихаад л түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөө төлөөд байдаг юм
биш биз гэх хардлага төрөх боллоо. Тэр
дундаа олон ч жил Засаг барьсан МАН-чууд ийм зүйлдээ гарамгай байж болзошгүй
хандлага байна. Тэгээд л өөрсдөө өр тавьчихаад л \”Засгийн газар аймар их өр
тавьчихсан. Одоо иргэдийн нуруун дээр өнөөх өр нь дарамт болж байна” гэж \”худлаа”
сайрхаж байгаад өөрсдийн өрөө төлүүлэх гээд байж. Ийм ч зүйл байж болохгүй байх
аа. Хэрвээ ийм дээрээ тулвал харин эсэргүүцэж, тэмцэж, босох зүрх зориг бий шүү
бидэнд. Тэгэхээр өөрсдөө тавьсан өрөө өөрсдөө л дараарай МАН-ынхаан.
А.Аюуш