Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ нийслэлийн иргэний танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БХБ-ын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын /ГЗБГЗЗГ/ дарга Ц.Ганхүү, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болох юм. Мөн энэхүү системийг нэвтрүүлснээр улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрлийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх, нотариат банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай агшны мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
Уг төслийг 2019 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд гэрээт ажлын хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн харилцааны зөрчлийн судалгаа хийх, зөрчилтэй нэгж талбарт хэмжилт кадастрын зураглал хийх, нэгж талбар тус бүрээр цаасан хуулийн хэрэг үүсгэх, нэгж талбарын хувийн хэргийн тоон архив үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн зурган болон улсын бүртгэлийн мэдээллийг засварлах, үүсгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, улсын хэмжээний нэгдсэн газрын кадастрын мэдээллийн системтэй холбох, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.