АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 27 жил, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулаад 7 дахь жилтэйгээ золгож байна. Дээрх хугацаанд эрүүл мэндийн боловсрол, англи хэлний боловсрол олгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монголын нийгэмд оюуны их хөрөнгө оруулалтыг оруулсан. Энхтайвны корпусын M29 бүлгийн сайн дурын 51 ажилтан 8 дугаар сарын 17 өдөр тангаргаа өргөж сайн дурын ажилтнуудын эгнээнд элслээ.
Ингэснээр эдгээр ажилтнууд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, алс хязгаарын аймаг сумын сургуулиудад Монгол багш нартайгаа хамт мөр зэрэгцэн ажиллаж та бидний ирээдүй болсон хүүхэд багачууд төдийгүй орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах аж.
Тангараг өргөх ёслолд АНУ-ын Хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер, Монгол дахь Энх тайвны корпусын захирал Жин Никсон, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат болон Энх тайвны корпусын Сайн дурын ажилтан зочид төлөөлөгчид оролцлоо.
Тангараг өргөх ёслолын үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат хэлсэн үгэндээ “ Монгол хэл, ёс зан заншил, соёл түүхтэй танилцаж, олон сайхан найзуудтай болж, насан туршдаа дурсагдах дурсамжуудыг бүтээгээсэй хэмээн хүсэж байна. Мөн Монгол орны талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхээс гадна сонирхсон чиглэлээрээ судалгаа, нийтлэл бичиж Америкийн ард түмэнд Монгол орны өнөөгийн байдал, соёл, зан заншил, баялаг түүхийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө хэмээн итгэж байна.” гэдгээ онцолж байлаа.
Сайн дурын ажилтнууд тангаргаа өргөснөөр 2 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллах ажээ.