Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сайжруулахаар зорчигчдын тээшний журмыг шинэчлэн, ширхэгийн системд энэ оны тавдугаар сарын 1-нээс шилжихээр болсон байна. Ширхэгийн системд шилжсэнээр зорчигч нислэгийн чиглэлээс хамаарч 1-2 ширхэг тээшээ үнэгүй тээвэрлүүлэх юм.
Харин нэмэлт ширхэг бүрт тодорхой хэмжээний төлбөр ногдуулах аж. Өөрөөр хэлбэл, зорчигч энгийн ангиллаар аялсан тохиолдолд 23 кг-ийн нэг ширхэг, бизнес ангиллаар аялсан тохиолдолд 32 кг-ийн нэг ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой гэсэн үг.
Түүнчлэн Хойд, Өмнөд Америк, Карибын арлууд, Австрали, Номхон далайн орнууд руу зорчихдоо нэг тийзтэй бол энгийн ангилал тус бүр 23 кг хоёр ширхэг, бизнес ангиллын зорчигч тус бүр 32 кг хоёр ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй юм.