ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва ““Моннидер” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу “M Си Эс кока кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК зэрэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажиллагааг хийлээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Зөрчлийн хэрэг нээж шалгахад “M Си Эс кока кола” ХХК нь “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК зэрэг компанитай худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр “М Си Эс” кока кола компани нь Монгол Улсад үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирж байгаа ундаа, ус жүүс зэрэг шингэн хүнсий бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх супермаркет, сүлжээ дэлгүүрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд хүргүүлж жижиглэнгийн үнийг дагаж мөрдөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.
Мөн “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК-тай сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд “М Си Эс кока кола” компани нь бараа, бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Тухайлбал “М Си Эс кока кола” компани нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, супермаркет, сүлжээ дэлгүүрээр худалдаалах ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож, супермаркет, сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчидтэй гэрээ хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 зүйлийн 1.1 бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зэрэг заалтыг зөрчсөн тул “М Си Эс кока кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-д 11 саяас 1 тэрбум гаруй төгрөгийн торгуулийг ногдуулсан.
Мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан холбогдох аж ахуй нэгж байгуллалагад 55 сая төгрөгийн торгуулийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж ногдуулсан. Нийт 10 аж ахуй нэгж байгууллагаас тав нь хууль зөрчсөнөө хүлээж торгуулиа төлсөн бол “Содмонгол”, “Шунхлай”, “Тэс петролиум”, “Ойн бирж”, “Жи эм ойл” торгуулиа төлөөгүй тул шүүхэд хандсан” гэв.
Гадаад зах зээлд газрын тосны ханшийн өсөлтгүй, импортын татварыг тэглэсэн үед шатахууны үнэ буурах биш өсөж байгаа нь иргэдийг хохироож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлсөөр байгаа юм.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва цааш ярихдаа “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасанчлан Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны бүтээгдэхүүний талаарх бодлогыг хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчдын нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах бүрэн эрхтэйгээс гадна дэргэдээ газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораторитой байдаг. Иймд чиг үүргийнхээ дагуу өөрийн лабораториор жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд шинжилгээ, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг өнгөрсөн сарын 23-нд ШӨХТГ албан бичгээр АМГТГ-т хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Тус газар Монголд худалдаалж байгаа шатахуун чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдээлнэ гэж найдаж байна. Үнийн хувьд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан “Үнэ тогтворжуулах зөвлөл” мөн мэдээлэл хийх байх. Засгийн газраас шатахууны үнийг бодлогороо зохицуулах гээд ажиллаж байхад ШӨХТГ компаниудыг үгсэн хуйвалдаж байна гэж үзэх үндэслэлгүй. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар бид зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг хянаж, зөвшөөрөл олгодог” гэлээ.