ХСҮТ-ийн дурангийн эмч Д.Болортой ярилцлаа.
-Хеликобактери гэж юу юм бэ. Юунаас болж үүсдэг юм бол гэдгээс яриагаа эхэлье?
-1982 онд Австралийн хоёр эрдэмтэн ходоодны хучуур эсийн гадаргуу дээр байрласан мушгиа хэлбэрийн эмгэг төрөгчийг анх олж нээсэн нь анагаахын шинжлэх ухаанд хувьсал болсон. Мөн 2005 онд ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны хорт хавдар хеликобактерийн нянгийн нөлөөллийг нээсэн амжилтаараа физиологийн анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн. Хеликобактери нь ходоод, дээд гэдэсний салстыг гэмтээх чадвартай болохыг нотолсон бөгөөд нянгийн халдвараас ходоодны архаг үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны хорт хавдар зэрэг эмгэг үүсгэдгийг тогтоогоод байна.
Энэ нян нь 2.5-5 мкм урт, 0.5-мкм тойрогтой, эрчлээс хэлбэртэй. Нэг талдаа гурван мкм урттай, 4-6 шилбүүртэй, шилбүүрийн гадаргуу нь бүрхэж тогтсон уураглаг эд, төгсгөл хэсэгтээ тахиралдсан цагариг хэлбэртэй болж өргөсдөг ба шилбүүрээрээ ходоодны шүүрэл багатай хэсэг рүү шилжихээс гадна салст бүрхэвчид нэвтэрч эмгэг төрөгчүүдийг үүсгэдэг.
-Энэ талаар манайд хийсэн судалгаа бий юү?
– Манай улсад хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн 69, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64, ходоод, дээд гэдэсний замын эмгэгтэй хүүхдүүдийн 65-100, ходоодны шархлаат өвчтэй эмчлүүлэгсдийн 67.7 хувьд хеликобактерийн нянгийн халдвар илэрсэн.
Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага насандаа халдвар авсан байдаг. Хүүхдэд байгаа хеликобактери нь ээжээс нь авсан хеликобактерийн шинжилгээтэй ижилхэн байсан. Тэгэхээр ихэвчлэн бага насандаа энэ халдварыг авсан байдаг. Хеликобактери эхлээд салстыг гэмтээгээд олон төрлийн эмгэг үүсгэдэг. Эдгээрийг эмчлүүлэхгүй явбал шалбархай, шарх гээд Цаашлаад хавдар болдог. Гэхдээ шарх болгон хавдар болохгүй.
-Бага насны хүүхдүүд халдвартай гэхээр ахуйн замаар халдаж байна уу?
-Хеликобактерийн халдвар ахуйн замаар их дамждаг.
Амнаас аманд буюу бага насны хүүхдэдээ хоол өгөхдөө эцэг эхчүүд амандаа зажилж, буталж өгдөг.
Хоёрдугаарт, өтгөнөөр бохирдсон гар,
гуравдах нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг дутуу цэвэрлэж, ариутгасантай холбоотойгоор үүсдэг.
Ер нь хеликобактерийн нян тэсвэржилттэй, усанд ч тэсвэртэй байдаг. Ялангуяа, тогтмол усанд өсөж үрждэг нян юм. Нянгийн халдварын тархалт газар зүйн байрлал, нас, арьс өнгө, нийгэм. эдийн засгийн байдалтай холбоотой харилцан адилгүй байдаг. Дэлхий дээр хоёр хүн тутмын нэг нь энэ нянгаар халдварлагдсан бөгөөд хөгжингүй орны хүн амын 30, хөгжиж буй орны хун амын 80-90 хувь нь нян тээж байна.
– Манайхан хеликобактерийг тоолуулна гэдэг. Заавал тоолуулах ёстой юу?
-Тоолуулна. Хеликобактерийг шууд болон шууд бус аргаар үздэг. Шууд арга нь дурандах явцдаа эмгэг өвчлөлийг харна гэсэн үг. Харин шууд бус арга нь бактерийн эсрэг бие илрүүлэх цусны шинжилгээ өгнө. Гэхдээ саяхан халдварлагдсан эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол шинжилгээгээр илрэхгүй байж болзошгүй. Тиймээс уян дуран залгиж, ходоодноос сорьц авч микроскопоор харж бактери байгаа үгүйг үздэг. Мөн амьсгалын тест гэж бий.
Тусгай шингэн уулгаж шинжлэх ба шингэн уулгахаас өмнө болон шингэн уусны дараа амьсгалаар гарч байгаа агаарын найрлагыг харьцуулдаг. Хэрэв хеликобактери байгаа бол агаарын найрлага өөрчлөгддөг. Мөн өтгөний шинжилгээ нь хеликобактерийг илрүүлэх хамгийн найдвартай арга юм. Дахин халдварлахаас зайлсхийхийн тулд гэр бүлийн гишүүн бүр шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Цус өгөх болон үлээлт егөхөд хэцүү бага насны хүүхэд болон томчуудад тохиромжтой.
-Хеликобактеритай болсноо яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Хеликобактери авсан эхний үед зовиур илэрдэггүй. Харин хожуу үедээ жин буурах, хэвлий орчмоор өвдөх, чээж гашуу оргих, хоолны дуршил буурах, дотор муухай оргих, бөөлжих, ходоод орчимд хүндрэх, амнаас эвгүй үнэр гардаг. Ийм шинж тэмдэг илрэхгүй ч байж болно. Тэгэхээр амнаас эвгүй үнэр үнэртвэл сэжиглэж болно.
-Бага үед нь эмчлүүлэхэд бүрэн эмчлэгдэх боломжтой юу. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хеликобактери нь ходоодны гарах хэсэгт ихэвчлэн байрладаг. Ходоодны гарах хэсгийн хавдруудыг ерөнхийдөө үүнтэй холбож тайлбарладаг. Энэ талаар хийсэн олон судалгаа бий. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хелилкобактерийн шинжилгээг тогтмол өгөөд хэрэв нян илэрвэл эмийн эмчилгээг сайн хийх ёстой.
Хеликобактерийн халдварыг эмчлэх эм олон төрөл байдаг. Гол нь нянг үхүүлэх антибиотикийг түүний үйлдлийг дэмжих бусад эмтэй хавсруулан хэрэглэнэ. Эмч таны онцлогт тохируулан эмийг сонгодог тул дур мэдэн эм хэрэглэхээс татгалзаж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Энэ нян ахуйн замаар эргээд халддаг учраас сойзоо байнга солих, аяга тавгаа тусгаарлах, гадуур хоол идэхгүй байх, хэрэв идэхээр бол нэг удаагийн аяга, халбага хэрэглээрэй.
Эх сурвалж: Ундрага