Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд “УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа болон хуваарилж өгсөн төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байна вэ гэдэгт төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавьдаг. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсөв, санхүү үр ашигтай байж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийснээ танилцуулж байна” гэлээ.
Үргэлжлүүлэн, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа хүүхэд хамгаалах үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгынхаа хариуны талаар мэдээлэл өгөөд “Ерөнхий сайдын ирүүлсэн мэдээллээс гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буураагүй нь харагдаж буй учир хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд дорвитой ахиц гараагүй гэж дүгнэж болохоор байна” хэмээн тэмдэглэв.
Түүний мэдээлж буйгаар төсвийн дийлэнх хэсэг нь судалгаа, аян, журам боловсруулах, батлах, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, хамтарсан баг, сургагч, зөвлөгөө өгөх, мэргэжилтнийг бэлтгэж сургах, Ажлын хэсэг, Дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардалд зарцуулагджээ.
Мөн “2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хамгааллын зардалд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан. Энэхүү хөрөнгийн зарцуулалт, үр ашгийн талаар асуулгын хариунд дурдагдаагүй байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээрх хөрөнгийн зарцуулалт үр ашигтай болж чадаж байгаа эсэхэд төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавина” гэв. Хяналтын ажилд олон нийт, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо их байх шаардлагатай гэдгийг энэ үеэр дурьдаад түүний зүгээс хоёр аргыг ашиглан энэ сэдвийг УИХ-ын намрын чуулганы эхний нээлттэй хэлэлцүүлэг болгоно хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ сэдвээр нээлттэй сонсгол хийе гэсэн саналаа УИХ-д хүргүүлбэл нээлттэй сонсгол хийх ёстой. Эсвэл УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш тооны гишүүд гарын үсэг зурж санал гаргавал сонсгол хийдэг хуулийн заалттай.