ЭБМТТ-ийн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн төрөл бүрийн хээрийн тэмдэглэлийн дэвтэрүүд, лабораторийн шинжилгээний хариунууд, хавсралт зураг болон бусад эх баримтуудыг төрөлжүүлэн эмхлэн цэгцэлж, сэргээн засварлаж, архивын стандарт хэмжээгээр хавтаслаж ном болгон, тоо бүртгэлд хамруулан, эрэл хайлтын программ дээр “Анхдагч материалын нэгж” үүсгэн нийтийн үйлчилгээнд гаргах боломжтой болгожээ. Уг дэд төслийн ажлын санхүүжилтийг УУХҮЯ дэмжлэгтэйгээр улсын төсөвт суулгаж, “Сүүдэрт хайрхан” ХХК, “Ландмап” ХХК-ийн баг ажиллаж амжилттай дуусгасан байна.
Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон Геологийн баримтын төвд нууцын зэрэглэлээр хадгалагдаж байсан 49 ширхэг геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргасан байна. Мөн ОХУ-ын Росгеолфондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70 ширхэг тайланг Геологийн баримтын төвд 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэжээ.