Энэ сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг 8-32 хувиар нэмсэн. Ингэхдээ багш нарын цалинг 8-14 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Харин багш нар энэ шийдвэрийг эсрэгүүцэж, цалингаа ядаж 15-50 хувь нэмүүлэх ёстой хэмээн ажил хаялт зарлаад байгаа билээ. Ингээд цалин нэмэх боломжийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Багш нар цалингаа 15-50 хувиар нэмэгдүүлье хэмээн ажил хаялт зарлаад байгаа Засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авах гэж байна. Цалин нэмэх боломж байгаа юу?
-Сая Есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин нэмэх эсэх асуудлыг нэлээн удаан хугацаанд ярилцаж байгаад шийдсэн. Энэ хэмжээнээс илүү нэмэхийн бол өр тавина. Өр ямар их хэмжээний дарамт учруулдаг вэ гэдгийг мэдэж байгаа Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж байж цалин нэмнэ гэсэн үг. Өр, зээл ямар их хэмжээний дарамт учруулдагийг хэн хүнгүй мэдэж байгаа. Зээлийн хүү, зээл төлөлт хэцүү. 2012 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар авсан зээлийнхээ хүүнд л 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгээд Сангийн сайдын ажлаа авахад авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байсан. Гэтэл Монгол Улсын тэтгэврийн сангийн хэмжээ нийтдээ 1.7 их наяд төгрөг байна. Тэгэхээр нийт ахмадуудад олгодог тэтгэвэр, халамж тэтгэмж бүгд нийлээд 1.7 их наяд төгрөг байхад бараг түүнтэй тэмцэх хэмжээний их мөнгийг зөвхөн авсан зээлийн хүүнд төлж байсан. Үүнийг одоо бууруулж, цэгцлээд явж байна. Тэгэхээр одоо ахиад төсөвт энэ их хэмжээний ачаалал өгвөл өрөө буулгах дарах, биш өсгөх эрсдэлд унана. Тиймээс байгаа хэмжээндээ тааруулж цалин нэмсэн. Одоо удахгүй Улаанбаатарын утааны асуудал ихэснэ. Үүнийг шийдэх, сургууль цэцэрлэг барих гээд асуудлыг хийх ёстой. Тэгэхээр энэ бүхнийг иргэд ойлгож байгаа гэж бодож байна.
-Тэгэхээр одоо цалин нэмэх ямар ч боломжгүй байхгүй байгаа юу?
-Байгаа эдийн засгаа маш сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газарт өөр боломж байхгүй. Бид байгаа бүх боломжоо дайчлаад цалин нэмсэн. Одоо цалинг 50 хувиар нэмнэ гэвэл үндсэндээ 1 их наяд төгрөг. Нэг их наядаар нь гаргаад явах боломж байхгүй. Бодит үнэ нь тэр.
2013, 2016 онуудыг аваад үзье л дээ. Баахан мөнгө тараагаад л “Сайн хувьцаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлээд баахан ажил хийсэн. Үр дүн нь юу болов. Тэгэхээр тийм үргүй зардал гарч байхад Үйлдвэрчний эвлэл дуу хоолойгоо хүргэж явах ёстой. Учир нь эдийн засгийн буруу бодлого явж байна.