Европын Холбооноос 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 47 улсын “Саарал”, 17 улсын “Хар” жагсаалтыг баталсан. Аж ахуйн нэгжийн “тэг” буюу бага татвар бүхий оффшор бүс болох Гернсни, Кэймэний арлууд, Жерси, Бермуд болон Хонконг, Швейцар зэрэг 47 улс татварын шударга тогтолцоо, ил тод байдлыг дэвшүүлэх амлалт өгснөөрөө “Саарал жагсаалт”-д багтсан бол Монгол Улс зарим оффшор бүс бүхий 16 улсын хамт хамтын ажиллагаагүй улсуудын “Хар жагсаалт”-д бичигдсэн гэдэг.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг хүсчээ. Швейцарт мөнгөө нуусан улс төрчидтэй дотооддоо тэмцэх, тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах нь Монгол-Швейцарын найрсаг харилцаанд харшилж байна гэх үндэслэлээр Оффшорын эсрэг зохицуулалт бүхий НАНБХАШЗАШЗУС тухай хуулийн үйлчлэлээс зарим улсыг хасч, улмаар тэнд мөнгөө нуусан улс төрчдийг аврах ажиллагаа улам эрчимжиж байгаа аж. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулахаар болжээ. Худал мэдээлэл, ташаа үндэслэлийнх нь няцаалтыг өгч, эсэргүүцлээ илэрхийлж Т.Аюурсайхан гишүүн Ерөнхий сайдад хандан доорх албан бичгийг илгээсэн байна.