УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газрын шинэ гишүүн буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож буй Т.Аюурсайхан УИХ-д тангараг өргөж байна.
Шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ УИХ-ын даргад өгсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулж өглөө. Засгийн газрын гишүүн тангараг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулиар тогтоох төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрхэм чухал үүрэг танд оногдож байна. Эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал ажил таныг хүлээж байна. Цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсье” гэдгийг хэллээ.