БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр саяхан ажлаа хүлээлгэн өгч, асуудлаа шийдэхээр шүүхийн үүд сахиж байгаагаа их л сүртэй нь аргагүй зарлаж суусан. Ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасах тухай ярьж, олон хүний шүүмжлэлд өртөж байсан энэ эмэгтэй бас л хашраагүй бололтой. Мүүний шашны гишүүн байсан гэгддэг түүний хувьд \”Цэнхэр үст” Цэрэн эгчийн хэрүүл тэмцлээс үүдэн нэлээд хүндхэн асуудалд холбогдоод байгаа. Төрсөн эцэг эхээсээ илүү тухайн шашныг үндэслэгч гэх харийн хүмүүсийг шүтэн бишрэх, ирээдүйн хань ижлээ өөрөө ч сонгох эрх мэдэлгүй болох, улмаар дахин төрөх утга агуулгын дор амиа егүүтгэх зэрэг олон таагүй үр дагавартай энэхүү шашны элдэв булхайг Цэрэн дэлгэж, манай улсад түгээн дэлгэрүүлэхийг хориглох нь зүйтэй гэж үзэж буй юм.
Гэтэл энэ мэт асуудлаа шүүх цагдаагийн байгууллагаар шийдүүлж, нэр төрөө \”цэвэрлэж” авахын төлөө яамны ажлаасаа бараг л халагдсан гэж уйлан дуугарч явсан Б.Насанбаярын булхайг мөнөөх \”Цэнхэр үст” нь илчлээд өглөө. Энэ тухай тэрбээр \”Насанбаяр худлаа ярьчихаад ажлаа хийсээр байна. Цэрэн яагаад дуугуй болов гэх хүмүүсийн сэтгэгдлийн дагуу би БШУЯ-ыг зорилоо. Яамны төрийн нарийн бичгийн даргатай уулзаж үнэнийг лавлах гэтэл ажил дээрээ байсангүй. Тэгэхээр нь захиргаа удирдлагын хэлтсийн даргаас нь лавлаж уулзах гэтэл бас \”Ажил дээрээ байхгүй” гэнэ. Эцэст нь сайд Гантөмөртэй уулзая гэтэл бас алга, гадуур ажилтай гэнэ.
За, тэгвэл Насанбаяртайгаа уулзахаас гэтэл \”Өнөөдөр гадуур сургуулиудаар ажилтай” гэнэ. Адагт нь \”Туслах гэж байвал уулзая” гэсээр ороод Мөнхцэцэг гэх бүсгүйтэй уулзан миний ирснийг утсаар дамжуулж өгөхийг хүслээ. Наска ажиллаж байгаа ба сургуулиудаар ажилтай яваа нь үнэн юм байна. Халагдах өргөдөл өгсөн ч сайд нь халах завгүй байгаа юм байна. Наскатай ярьсан яриаг сонс” гээд өөрийн хийсэн бичлэгийг олон нийтэд хүргэжээ. Уг бичлэгт үнэхээр туслах бүсгүй нь Б.Насанбаяр даргатай ярьж буй нь тодорхой байх бөгөөд хэвлэлийн бага хурал зарлан, өөрийгөө ажилгүй болсонд тооцож суусан эрхэм хатагтай ийн худал жүжиглэсэн нь илчлэгдлээ.