Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, \”Нийслэлийн шилэн дансны мэдээллийн цахим хуудас” ажиллуулах талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Төрийн захиргааны төв болон орон нутгийн төр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа болон уул уурхайн олборлох салбарын ил тод, нээлттэй байдлын судалгаа, үнэлгээг хараат бус зармын хүрээнд хийж гүйцэтгэдэг \”Ил тод байдал сан” ТББ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьсан байна. Уг хүсэлд нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор Нийслэлийн шилэн дансны мэдээллийн тусгай цахим хуудас ажиллуулах санал гаргажээ.
Сайн засаглалыг бэхжүүлэх нэг чухал нөхцөл нь төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төсвийн илт тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх явдал юм. Нийслэлээс засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод, тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Түүний нэг нь нээлттэй, ил тод зарчмыг баримтлан нийслэлийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамж, төсвийн мэдээлэл, удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайлан, тендерийн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсаар шуурхай хүргэж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачлан, УИХ-аар батлан, хэрэгжиж эхэлснээс хойш \”Шилэн данс” цэсийг тус цахим хуудсанд ажиллуулж байна. Хуулийг нийслэл манлайлан хэрэгжүүлж байгаа бөгөөд төсвийн мэдээллийг иргэдэд танилцуулахаас гадна ирэх оны төсвийн төслийг бэлтгэхдээ хороогоор дамжуулан санал асуулгад санал авч, иргэдийн саналыг тусган ажиллаж байгаа юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг ауудлыг хэлэлцээд нийслэлийн төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх нь зүйтэй гэж үзээд \”Ил тод байдал сан” ТББ-ын саналыг дэмжин, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.