УИХ дахь МАН-ын бүлгийн
өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авахаар боллоо. Энэ
асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт,
дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ. Мөн Үндсэн
хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах
шалтгаан болох ёсгүй гэсэн байр суурьтайгаа илэрхийлэв.
Энэ талаар бүлгийн дарга
С.Бямбацогт хэлэхдээ \”Манай бүлэг УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн
Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь
зүйтэй гэж үзсэн. Өмнө нь МАН хүнээ шууд сонгодог байх ёстой, жагсаалтын ард
нуугдах нь буруу гэсэн байр суурь баримталдаг байсан. Үүний дагуу хүнээ сонгох
нь зөв үү, намын жагсаалтаар сонгох нь зөв үү гэсэн санал асуулгыг Ард нийтийн санал
асуулгын хуулийн хүрээнд явуулах санаачилгыг жилийн өмнө өргөн барьж байсан. \”УИХ-ын
сонгууль пропорциональ тогтолцоогоор явах нь улс төрийн намуудын төлөвшилд
чухал\”, \”76 жалга довны гишүүн
гарч ирэх нь буруу \”гэдэг байр сууьтай байсан АН өнөөдөр хэлсэн ярьснаасаа
буцаж байгаад харамсаж байна. Гэхдээ МАН байр суурин дээрээ байдаг гэдгээ
нотолж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа. Томсгосон мажоритори
байх уу, жижиг 76 байх уу гэдэг дээр асуудал яригдана. Жагсаалтын 28-ыг 26
тойрогт хуваах асуудлыг тодорхой ярих ёстой. Сонгуулийн тойрог, мандатын тоог
тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж гэсэн гурван
хүчин зүйлийг харгалзах Үндсэн хуулийн заалтыг баримтлах ёстой. Өөрөөр
хэлбэл, хөдөөгийн 20 тойрогт нэг
нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах
нь зүйтэй. Сонгинохайрхан,
Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүрэгт нэг мандат хуваарилах нь шударга гэж үзэж байна\” гэлээ.