Нэгэнтээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: – Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хичнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг. Ганц уул уурхайн салбар, нүүрсний үнээс хамааралтай үхээнц эдийн засагтай орон болсон. Монгол орон маш том хөдөө аж ахуйн салбартай. Гэвч экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь даан ч чамлалтай. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монголд бэлтгэдэг ч түүнийгээ 100 хувь бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээлгүйгээр, түүхийгээр нь үнэгүй шахам гадагш гаргадаг. Эдийн засгийг сулруулдаг нэг шалтгаан нь түүхий эдээ боловсруулалгүй гаргадагтай холбоотой. Би хоёр яам толгойлж, үүнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан хүний хувьд бүтэгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй юм байна гэдгийг олж харсан. Олон сая ам.долларын зээл авдаг ч бүтэгдэхүүнээ боловсруулж экспортод гаргахгүй бол эдийн засгийн хөгжилд тушаа болж байна гэсэнсэн.
Тэрээр мөн ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзахдаа:– Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөх ёстой байсансан. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байна. Учир нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцолсон билээ.
Дээр хэлсэн эдгээр ишлэлүүдээс эргэцүүлэхдээ Монгол улсын төрийн тэргүүний амнаас унасан бодитой дүгнэлт гэж дүгнээд өөрийн бодлыг та бүхэнтэй хуваалцая гэж шийдлээ. Юу гэхээр өнөөдөр Монгол орон даяар уул уурхайн хөөрцөглөл дээд цэгтээ тулж түүнээс мөнгө горьддог хийрхэл газар авсаар удлаа. Мөн дэлхий дээр зэс нүүрс зэрэг түүхий эдийн үнэ өсөхөд тэр нь монголын эдийн эдийн засагт бага зэрэг нэмэр хандив болох үед түүнийг эдийн засгийн өсөлт мэтээр хардаг хүүхэд шиг гэнэн сэтгэлгээ бий болон түүндээ дасал болсоор уджээ.
Өнөөгийн Монгол улсыг зуун хувь байгалийн баялагаас хараат улс гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Тэгвэл үүнийг засах ямар арга чарга байна вэ?
Үүнийг засах гол арга нь улс орондоо үндэсний баялагийг бий болгох явдал юм. Үндэсний баялаг гэдэг үгийн утга учрыг капитализмын хатуу замаар довтолгон, бусад хөрөнгөтөн улстай өрсөлдөж амьдрах хувь тавиланг сонгосон монголчууд өнөөдөр өөр өөрсдийнхөөрөө ухаарч ойлгож байгаа. Нэгэнт буцах замгүй тул “үндэсний баялаг”-аа түшиж хөгжих нь зах зээлийн хууль. Тэгвэл тэр яриад байгаа Монгол үндэстний баялаг нь юу вэ. Товчоор хэлбэл үндэсний бизнесмэнүүд, тэдний баялаг бүтээх чадвар юм. Монгол Улс өдгөө бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортолж, ердөө 20 хувийг нь үйлдвэрлэдэг. Энэ бол дэндүү чамлалттай тоо. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх 80 хувийн боломж өмнө маань дурайж байгаа гэдэгт найдаж байна. Харин энэ эрхэм зорилгыг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь мөн л хувийн хэвшлийнхэн юм.
Тэд өдгөө Монгол улсын төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлж, ачааны хүндийг үүрч явна. Үндэсний баялгийг бүтээлцэж яваа үндэсний үйлдвэрлэгчид иргэдээ ажлын байраар хангаж, бас олсныхоо хэрээр татвар төлдөг. Энэ нь үндэстний гол амин зуулга юм. Гэтэл бид үндэсний үйлдвэрлэгчдээ, үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжихийн оронд тэднийгээ олигархи хэмээн цоллож дууддаг буруу жишиг хавтгайрах янзтай болсоор уджээ. Зах зээлийн нийгэмд баялаг бүтээгчдийг үндэсний капиталистууд гэх ба тэд эх орны хөгжлийн тулах цэг, зүтгэх хөдөлгүүр нь болдог.
Нэг үеэ бодвол Монгол Улсын татварын орчин сайжрах төлөвтэй болсон сайхан мэдээлэл байгаа. “Бизнесийн регистрийн сан”-д одоогоор 60 гаруй мянган компани бүртгүүлсэн байна. Үүнээс 21 мянган компани нь Улаанбаатар хотод буй. Энэхүү статистикээс харахад иргэд маань зах зээлээс илүү тодорхой боломжуудыг эрэлхийлдэг болж, манай нийгэмд шинэ санаачлага эрчтэй, зогсолтгүй өрнөж байгаатай холбоотой. Санаачлага өрнөнө гэдэг өөрөө эдийн засаг хөгжихийн суурь дэвсгэр. Эх оронд үндэсний ажил хэрэгч компаниуд олшрох тусам өрсөлдөөн хүчээ авна, тэр хэрээрээ улсын төсөвт татвар илүү төлөгдөнө. Ирээдүйдээ итгэлтэй, олноороо орлоготой амьдрахын эрүүл хөрс нь чухамдаа ажилсаг гар мөн.
Засгийн газрын ойрын хамгийн том зорилтыг Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж тодорхойлсон нь үйлдвэрлэлд анхаарч буй төрийн бодлогын нэг эерэг дүр зураг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ордыг ашиглахдаа эн тэргүүнд улс орныхоо эрх ашгийг тавьж, их бүтээн байгуулалтад аль болох үндэсний компаниудыг дэмжиж, олон мянган монгол хүнийг ажлыг байртай болгоно гэж амласан нь анхаарал татахуйц содон сонсогдсон. Өмнийн говьд буй баялгаасаа жилд 5,2 тэрбум ам.доллар олох боломжтой гэсэн эрдэмтдийн тооцоо бий. Энэ бол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг даруй хоёр дахин өсгөх асар их мөнгө билээ.
Үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн улс орнууд бидэнд бэлэн жишээг харуулдаг. Дайны өмнө цагаан будаанаас илүү хоолгүй, сийрсэн малгайнаас өөр хувцасгүй ядуу тарчиг амьдарч байсан япончууд дайны дараа гадны бүтээгдэхүүнийг шууд л дуурайн хуулбарлан хийж эхэлжээ. Дуурайж хийсэн бүтээгдэхүүнээ Японы онцлогтойгоор баяжуулан, улмаар цоо шинэ технологи болгон хөгжүүлж. Ялангуяа хөнгөн үйлдвэрээ, дараа нь хүнд үйлдвэр, цаашлаад автомашин, электроникийн үйлдвэрлэл болон өргөжиж, хурдацтай хөгжлийн ид хавыг үзүүлж эхэлсэн билээ. Япон улсад энэ чиглэлд төрийн зохицуулалтыг маш чадварлаг хийсэн байдаг. Тэр нь зохицуулалт гэхээсээ илүү дэмжлэг байлаа. Өнөөдөр “Тоёото”, “Мицубиши” бол Япон үндэстний бахархал, үндэсний брэнд. Үндэсний компаниуд нь экспортын чиг баримжаатай хөгжиж, олон улсын тавцанд байр сууриа эзлэхэд төр засаг нь дэмжлэг үзүүлжээ. Үүнтэй зэрэгцэн жижиг, дунд үйлдвэрүүддээ зөвхөн дотоодын зах зээлдээ илүү амжилттай ажиллахад нь тусалжээ. Тэгвэл манайд яг ийм зохицуулалт үгүйлэгддэг. Үндэсний компаниуд шилдгүүдийг дуурайж, дараа нь өөрийн гэсэн онцлогоор эрчимтэй хөгжиж, төр нь Японы жишгээр дэмжиж чадвал Монголын баялаг нутагтаа шингэнэ.
Үүнтэй нэгэн адил өдгөө хөгжил дэвшилээрээ дэлхийд гайхагдаж буй Өмнөд Солонгос улс бас яг ийм замыг туулан хөгжил дэвшилд хүрч чаджээ. Дэлхийн 10 гол экспортлогч орны нэг, телевизор үйлдвэрлэлээр дэлхийд мөн л нэг, хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ хоёр, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараагаар гурав, нэхмэл бөс бараагаар гуравдугаарт жагсдаг БНСУ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ хоёр гол үе шатыг туулжээ. Нэг дэх нь, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталсан. Хэдхэн жилийн дотор энэ чиглэлд аажмаар дэвшил гарч, ихэнх бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Үүний зэрэгцээ үндэсний хөрөнгөтний зарим хэсэг нь экспортын чиглэлээр хөнгөн үйлдвэрүүдийг хавсарган хөгжүүлэх чиг баримжааг баримталжээ. Хоёрдугаар шатанд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэн, эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэхэд анхаарчээ. 1967-1970 оны сүүлч хүртэл экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хий, машины үйлдвэрийг онцгойлон хөгжүүлсэн юм. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс онцгой анхаарч, хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрлэлийн хэрэгслийг импортоор авахад гаалийн татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх бодлого баримталжээ. Төр , засгаас олгосон энэхүү таатай боломжид тулгуурлан экспортын чиглэлийн үйлдвэрлэл 1980-аад оноос эрчимжиж. Тиймдээ ч Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийг экспортод чиглэсэн “Эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэдэг. Одоо тус улс “мэдээллийн технологийн хөгжил”-д түлхүү анхаарч байгаа. Үүнийг л төрийн бодлого, өөрийн компаниа гэсэн нийгмийн дэмжлэг гэдэг. Ядуу буурай орноос дэлхийн өндөр хөгжилтэй орны тоонд орж чадсан иймэрхүү улс орнуудын жишээ баримтуудыг цааш нь олноор нь үргэлжлүүлж болно.
Харин манайд анзаарахгүй орхих учиргүй нэг чухал өнцөг бий. Өнөөдөр манай улсад уул уурхай эрчимтэй хөгжих нөхцөл нэгэнт бүрдчихлээ. Энэ том боломж дунд Монголын компаниуд зөвхөн үйлчилгээ, жижиг сажиг ханган нийлүүлэлт хариуцсан хавсарга болон хоцрох уу, эсвэл баялгаа түшин дэлхийн зах зээлд гарч ирэх үү гэсэн сонголтын өмнө байна. Олон жилийн дараа төсвийн алдагдал, байгаль нь сүйдсэн нутагтай үлдчихгүйн тулд өөр ямар арга байна вэ. Монголын компаниуд ашигт малтмалын томоохон төслүүдэд идэвхтэй оролцон, газрынхаа нэг удаагийн баялгийг олон үеэрээ шингээн хэрэглэх эргэлттэй хөрөнгө оруулалт болгон үлдээх үүрэгтэй. Магадгүй үүнд “Эрдэнэс Монгол” зэрэг хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирэх компаниуд маань ч нэлээд том суурь болж өгөх байх. Бусад компаниуд маань ч юуны түрүүнд Азийн хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхийлэн оролцох цаг ирлээ. Мөн Ерөнхийлөгч Х Баттулгын Владивостокт хийсэн айлчлалын үр дүн энэхүү шинэ эхлэлийг урамшуулж, идэвхжил өгнө гэдэгт найдаж байна. Гадны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөөрөө уул уурхайн салбарын үндэсний үйлдвэрлэгчид маань хөл дээрээ босох цаг хаяанд ирсэн байна. Одоо яаж хөрөнгийн зах зээлд гарах вэ, хэрхэн баялгаа арвижуулах вэ гэсэн дэлхийн тоглоомын дүрмийг нарийвчлан судлах ажил хэрэгч сургалтын үе ирээд байна. Энэ чиглэлээр бид идэвхийлэн ажиллах цаг үе ирээд байна.
Уул уурхайгаа түшсэн эдийн засаг маш ухаалаг байх ёстой. Уул уурхайн салбараас их мөнгө цутгах он жилүүдийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, үйлдвэрлэгч, экспортлогч Монгол болон, экологоо шүтсэн бодлогод ухаалгаар хандуулж чадвал ирээдүй өнгөтэй, нар тодхон, нийгмийн сэтгэлгээ эрүүл байж чадна. Үндэсний эрүүл сэтгэлгээнд хүрэх гарцыг яг одооноос хайж, маргаашнаас эхний алхмаа хийн, нөгөөдөр, түүний цаадах өдрүүддээ итгэж амьдарцгаая.