Шатахуун импортлогч компаниудыг жижиглэнгийн үнээ буулгах уриалгыг гаргаснаас хойш шатахууны үнийг литр тутамд нь 10-260 төгрөгөөр бууруулж чадсан хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр мэдээллээ. Тэрээр орон нутагт шатахууны жижиглэнгийн үнэ 10-260 төгрөг хүртэл, харин Улаанбаатарт 10-160 төгрөг хүртэл буурсан гэв.
Говь-Алтай аймагт дизель түлшний үнийг хамгийн сайн буюу 260 төгрөгөөр буулгасан. Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед шатахууны үнийг бууруулахыг ШӨХТГ-аас уриалсан юм. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр \”Бид шийтгэж, торгож биш зөвлөж, дэмжиж, зөвлөн тусалж, соён гэгээрүүлж, асуудлыг шийдэж чадаж байгаагийн нэг жишээ болж байна. Нэг ёсондоо бензиний үнэ Монголд бодитойгоор буурч чадаж байна” гэлээ.