Тэд өнгөрсөн 3-р сарын 22-ны өдрийн орой Сөүл хотын хөл хөдөлгөөн ихтэй Хунг Ик их сургуулийн гудамжаар явж байсан Солонгос бүсгүйчүүдийн гар утсыг хулгайлж байсан ажээ. Цагдаагийн ажилтнууд Монгол залуусыг саатуулсан даруй тэдэнд нэгжлэг хийж, хулгайлсан гар утаснууд болон автомашины удирдлагатай цоожны түлхүүр олсон байна.
Тэд түлхүүрийг газраас олсон гэж мэдэгдсэн ч цагдаагийн ажилтнууд тэрхүү түлхүүрээр онгойх машиныг эргэн тойрны зогсоолуудаар удтал хайсны эцэст, нэгэн төлбөртэй зогсоолоос олжээ.
Уг машин нь Монгол иргэний нэр дээр бүртгэлтэй хөнгөн тэрэг байсан ба дотор нь тугалган цаасаар тусгайлан тоноглосон цүнх болон дэлгүүрийн дохиоллын систем бүхий гурван сая воноор үнэлэгдэх шинэ малгай, хувцас зэрэг байсан байна.
Гэвч саатуулагдсан залуус нь \”Бид энэ цүнхний эзэн биш, таньдаг Монгол найз маань бидний машинд түр хийсэн\” хэмээн хэлсэн боловч, эргээд цүнхний эздийг танихгүй хэмээн мэдүүлэг нь зөржээ. Хэргийг шалгаж байгаа Мапу дүүргийн цагдаагийн ажилтнууд хулгай хийхээр урьдчилан бэлдэж тоноглосон цүнхэнд дохиоллын систем бүхий хувцас хийж дэлгүүрийн хамгаалалтын хашлагаар өнгөрөхөд, дохиоллын систем ажиллахгүй байгааг туршиж үзсэн байна.
Эдүгээ тэдгээр залууст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа ажээ. Солонгос улсад хөнгөн цагаан тугалгаар цүнхний дотор хэсгийг тусгайлан бүрж дохиоллын системийг мэдрэхгүй болгон тоноглож хулгай хийхдээ ашигласан гэмт хэрэг анх 2013 онд бүртгэгдэж байсан байна.
Анхны гэмт хэргийг Монгол улсын иргэн эхнэр, нөхөр хоёр үйлдэж 3 сая 600-н мянган воноор үнэлэгдэх хувцас хулгайлаад баригдсан бол 2015 оны 8-р сард мөн Монгол улсын иргэн ах, дүү хоёр 71 кг хувцас хулгайлж Монгол улс руу илгээсэн хэргээр саатуулагдаж байжээ.
Харин энэ удаа саатуулагдсан Монгол залуус нь автомашин хөлөглөж хувцас хулгайлахаас гадна Солонгос иргэдийн цүнх, хувцасны халааснаас гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдэж байсан тул, тэдгээрийг хулгай хийх зорилгоор Солонгос улсад очсон хэмээн үзэж, өөр бусад гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байгаа юм байна.