Манайд нэмэгдэж байгаа зүйл олон байна өө. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Тэгвэл зарим хүндхэн амьдралтай, шулуухан хэлэхэд амьжиргааны түвшин доогуур буюу ядуу, нэн ядуу иргэдэд хүн нэмээд хүнс нь нэмэгдэж байгаа юм алга. Харин ч улам уруудаж, цаашлаад хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгааг бид бишгүй сонсож, харж суугаа.
Цалингийн нэмэгдэл ч ялгаагүй, нэмэгдлээ гээд өрхийн төсөвт нэмэргүй болсон цаг үе. Нэмэгдэх сургаар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Хэрэгжих дөхөхөөр дахин үнэ нэмэгдэнэ. Хэрэгжиж эхлэхэд нь бас дахин үнэ нэмэгдэж, цалингаа нэмүүлсэн биш, өмнөхөөсөө ч илүү үнийн дарамтад бут цохиулдаг болсон хорвоо юм. Өрхийн орлого, зарлагын түвшинг судалсан статистик мэдээллээс илүү өөрийн амьдрал дээрээс бодитоор тооцоход тодорхой харагдана. Өрхийн төсөвт зарлага нь орлогоосоо илүү байна гэдэг чинь өр.
Цалин нэмэх гээд дуншиж байх хооронд ам.долларын ханш өснө, шатахуун тосны үнэ хадна. Өөр юу болохыг би эс таана. Өнөөдрийн байдлаар гэнэтийн цочир хүйтрэлээс болж ургац ямар эрсдэлд байгааг хэлж мэдэхгүй ч, хураалтын үеэр тодорхой хэмжээгээр үнэ өсөх магадлалтай. Магадлалтай гэхийн учир нь тодорхой гэчихвэл бас л “наймаачид” үнээ нэмэхэд шалтаг болно.
Өнгөрсөн долоо хоногт ирэх сарын шатахууны үнийн төлөв байдлыг хэвлэлээр гаргаад тавьчихсан. Бас импортыг нь хорино, хорихгүй гэж маргалдаж байгаад л хорьсон, хориогүй ч ялгаагүй хэдэн хувь нэмж орхино. Ингээд л давтан өсөлтүүд үргэлжилнэ. Энэ бол бичигдээгүй хууль.
Үр дүнд нь жилээс жилд хямралд нирвэгдэгсдийн тоо өсөн нэмэгдэж, далим үсэргэн, дундаас нь хөлжигсдийн данс тэр хэрээр өргөжин зузаарна. Статистикаас харахад өрхийн зардал нэмэгдэж, арилжааны банкуудад зээлийн дансны тоо өссөн үзүүлэлттэй байна. Зээлийн дансны тоо 2016 оны II улиралд 904.8 мянга байсан бол 2017 оны II улиралд 951.5 мянга, 2018 оны II улиралд 1 079.8 мянга болж, энэ оны II улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13.5 хувиар өссөн үзүүлэлтийг харж болно. Энэ бол их хэмжээний өр.
Бид ерөөсөө нэмэгдлийг зарлахаа больчих хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ирэх сараас эхлэн шатахууны үнэ нэмэгдэх магадлалын талаар, төрийн албан хаагчдын болон туслах ажилтны цалингийн нэмэгдлийн тухай гээд ер нь нэмэгдэлтэй холбоотой хэд хэдэн сургийг хэдийнэ гаргаад тавьчихлаа. Ингэж бичсэнээрээ би ч зарласанд тооцогдох байх. Гэхдээ нэгэнт хөндөөд гаргасан зүйлийг худлаа гэж мэлзэлтэй биш. Уг нь цагийн юмыг цагт нь гэдэг дээ. Яарвал даарна ч гэж бий. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагынхны цалинг нэмээгүй байхад л нэмнэ гэж яагаа ч үгүй эрт гайхуулж, гийгүүлэх бус гай болсон. Бүх барааны үнэ нэмэгдсэн. Одоо ч өдрөөс өдөрт нэмэгдэл сэм “мөлхсөөр” л байна. Энэ хэнд ашигтай вэ гэхээр өнөөх “мөлхөө идэштэн” болох цөөнх гэгддэг “хөрөнгөтнүүд”. Гар хөл нь хүрэхгүй бизнес гэж үгүй болсон тэдэнд бүх талын ашигтай.
Хэчнээн ард иргэдээ бодсон шийдвэр гаргалаа гэх боловч далдуураа өөрт нь ашиггүй шийдвэрийг тэд хэзээ ч гаргахгүй. Тэр тусмаа олон нийтэд зарлаж, нүүрэн дээрээ гавъяа байгуулсан дүр эсгэж, ар хударгаар нь ахиухан юм хүртээд сууж байдаг улс. Үүнийг нь дэврээхгүйн тулд хэвлэл хянуур ажиллах ёстой. Зарлаж байгаа хурал бүрт нь очиж, хэлж байгаа үг бүрээ цацах нь томчуудад ашигтай. Үүнийг мэддэг учраас нэмэгдэл бүрийн тухай зарлан тунхаглаж байдаг юм. Жишээлбэл, УИХ-ын гишүүний цалин 1 сая 800 мянган төгрөг гэдэг боловч ийм сарын цалинтай хүн хэзээ ч хүртэхээргүй тансаг бүхнийг өвөртлөөд амжсан байдгийг хүмүүс мэднэ. Энэ чинь нэмэгдлээс хувь хүртэж байгаагийн нэг илрэл гэхэд буруутахгүй л байх.
Тэгвэл үүнээс хойш шивнээ зарчимд шилжвэл яасан юм бэ гэж. Ард иргэдийнхээ төлөө юм хийдэг улс орны ард түмэн нь улс төрийн асуудалд огтоос оролцдоггүй. Тэдний дээр хэн сууж байгааг ч сайн мэдэхгүй, танихгүй. Учир нь таатай орчинд амьдарч байгаа хүмүүс тэдний тухай сонирхох шаардлага байхгүй. Тэдэнд юуны үнэ, хэний цалин хэзээ нэмэгдэх нь сонин биш. Аажимдаа зохицоод явдаг асуудал. Тэдний энэ энгийн амьдрал бидний хувьд сайхан бөгөөд гайхмаар зүйл. Манайхан шиг хүүхэд, хөгшидгүй бүгд улс төрчдөө таньдаг улс орон гэж байхгүй биз. Бид хэнээс болж зүдрээд байна гэдгээ манайхан сайтар мэднэ, сайн танина. Тэр танилууд ард олондоо ямар нэрмээс авчирч байгааг аль аль нь мэднэ. Гэвч хүлцэнгүй монголчууд хүлээтэй чигээрээ он цагийг үдэн үдсээр. Нэмэргүй нэмэгдэлд халаасаа сэгсрүүлж халаглан суусаар өдий хүрлээ.
Хийх ёстой ажлаа хийснээ бус, хийх ёстой ажлаа хийсэн дүр эсгэж, түүнийгээ олон түмэнд зарлан тунхаглаж би, бид ийм шийдвэр гаргалаа шүү гэж анхаарлын төвд орох гэсэн, араар нь өдөөн турхирсан энэ башир аргыг зогсоогоогүй цагт нэмэгдлийг дагасан нэрмээсүүд улам их нэмэгдсээр л байх болно.