Манайхаас өөр оронд улс төрд бизнесмэнүүдийг оруулчихсан байдаг ч юмуу бүү мэд. Лав урд хойд хөршийнхөн зоригтойхон гаргаад \”чулуудчихдаг” юм билээ. Ямарваа нэгэн салбарт мэргэжлийн баг, мэргэжлийн \”тоглогч” хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин манай улс төрийн тогоонд, улс төрийн үйлнээ мэргэжлийн бус бизнесийн \”жараахай” нар \”акул” болтлоо зүтгэх юм.
Мэдээж үүнээс гарч байгаа үр дүн нь иргэдийн нүднээ илхэн. Иргэд үүнийг нь амьдралаараа \”хохирогчийн дүрд тоглоод” үүрэн гарах юм. Харин жараахайнууд маань бизнесийн хүрээндээ өсөн дэвжиж байна. Бизнесийнхэн улс төр гэх мэдэхгүй \”тоглоомоороо тоглон” төрийн үйлчилгээг чадамжгүй болгож, ард иргэдийг төрд итгэх итгэлгүй болгож, нэг үгээр төрийн үйлчилгээг \”үнэгүйдүүлж” байна. Энэ бүхний дүнд улс төрд мэргэжлийн бус хүмүүсээр хүрээг нь тэлүүлэхгүй байх сонголтыг иргэд бид өөрсдөө хийх хэрэгтэй байна. Иргэд яг энэ сонгуулиар цаг алдахгүйгээр мэргэжлийн хүнээр төрийн түшээдээ сонгох хэрэгтэй болоод байна.
Жишээ нь эмч мэргэжилтэй олон жил хагалгааны ард зогссон хүнээр салбарын сайдыг нь хийлгэмээр, ардын хүүхдийг олон жил хүмүүжүүлсэн багш хүнээр боловсролын сайд, цэргийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнийг батлан хамгаалах яаманд, байгаль орчны салбарт насаараа шахуу ажилласан хүнээр байгаль орчин ногоон хөгжлийн яаманд гэх мэтээр мэргэжлийн баг бүрдүүлэх хэрэгтэй байна. Эдгээр насаараа нэг зүйлээ хийж ирсэн хүмүүст ч ард нь томроод байх бизнес байхгүй шүү дээ.
Тэд ядахдаа улс нийгэмдээ үнэнч ажиллах байх гэж найдаж байна. Улс төрд эрдэмтэн доктор, мэргэжлийн хүмүүсийг оруулахгүй бол олон жил улс төрд явснаараа мэргэшдэггүй юм байна гэдгийг хэд хэдэн улс төрчийн амьдрал илхэн харуулж байна. Хуучин \”бууны” хугархай болсон улс төрчдийг ч гэсэн \”орхих” цаг нь ирсэн. Тэд олон муу муухай үйлийн \”зангилаа” болон сууж, популизм хийж тархи угаахаас \”дорвитой” үйл хийсэнгүй. \”Сэтгэл байвал сэтэрхий зүүгээр ч үйл урладаг” гэдэг. Харин манай улс төрчдөд иргэдээ, эх орноо, энэ нэрээ, эцэг эхээ бодох сэтгэл зүрх дутаад \”нүд улаан мөнгө цагаан” болсон хүмүүс.
Тэднийг бид засан хүмүүжүүлхээсээ өнгөрсөн. Тиймээс энэ жил зөв сонголт зөв сэтгэлгээтэй байхгүй бол улс орон \”дампуурлаа” зарлах нь байна. Танд сонголт хийх \”олигтойхон” аавын хүү байхгүй бол \”орхи цаашаа”. Тэдэнд сонгохгүй байх эрх чөлөө бидэнд байгаа гэдгийг харуулж иргэд \”ухаан орсон”, \”сэрсэн байна” гэдгийг үзүүлэх амьдралыг бид туулж байна. \”Хөрсөн” дээр амьдардаггүй хүмүүс үнэ зохиож байгаа энэ үед эмч нь эмч шиг, цагдаа нь цагдаа шиг, багш нь багш шиг байх цорын ганц гарц нь яах аргагүй мэргэжлийн хүнийг мэргэжлийн салбарын дээдэд нь хүргэх сонголт юм.
Тиймээс энэ жил сонгуулиа зөв хийж, амьдрал ахуйгаа \”аврахгүй” юм бол улс орон нэг \”сөхөрвөл” буцаж босч иртлээ олон аавын хүүг \”зовоох байх шүү”.
Б.Саран