Хүйтний улирал хаяанд ирж, агаарын хэм эрс хүйтэрч айл өрхүүдийн галлагаа эхэлсэн энэ үед гал алдаж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гардаг. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад өчигдөр 19:19 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нам даралтын зуух дэлбэрснээс болж айлын байшин шатаж байна гэсэн дуудлаг иржээ. Тухайн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 минутын дотор очиход 7х5 метрийн хэмжээтэй байшин зуух дэлбэрсний улмаас шатсан байна. Галын улмаас 40 настай О /эрэгтэй/ гар, хэвлий хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.
Мөн өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрны 3, 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу очиход тухайн давхрын гаднах дулаалгын материал шатаж байжээ. Галыг унтраахаар нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 2 автомашинтай алба хаагчид ажиллаж, утаажилтын бүсээс 37 иргэнийг аюулгүй бүсэд гаргасан байна.