Цагдаагийн ерөнхий газраас БНСУ-ын виз авах зорилгоор хуурамчаар үйлдсэн бичиг баримтад шалгалт хийж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Амарбат: БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт Монгол төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэргийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол Улсын хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг наймдугаар сард тавьсан. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн алба ажлын хэсэг байгуулан ажиллаж, мөрдөн шалгалт явуулсан. Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.1-т заасны дагуу бичиг баримт, хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн. БНСУ-ын Элчин сайдын яамнаас 805 хэргийн материал ирүүлсэн. Одоогоор үүний тал хувийг нь шалгаад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд долоон аж ахуйн нэгж, 11 иргэн дээрх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Дээрх аж ахуйн нэгж, иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ.
БНСУ-ын виз авахын тулд дараах материалыг хуурамчаар үйлдэж байгаа аж.
• Банкны дансны хуулганы тодорхойлолт
• Банканд таван сая төгрөг байршуулсан бичиг
• Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын тодорхойлолт
• Их, дээд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт
• Аж ахуйн нэгжид ажилладаг гэх тодорхойлолт
Сонирхуулахад, Эрүүгийн хуульд зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг байна.