Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж дэлхийн гурав, азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг оролцож буй. Тэрбээр хоёр ангилалд 279 дугаараар өрсөлдөн хос алтан медаль хүртэж, Ази тивийн гурван удаагийн АВАРГА болов.
Насанд хүрэгчдийн Women’s Athletic Physique up to 165 см ангилалд Алтан медаль, 35-с дээш насны Women’s Athletic Physique open ангилалд Алтан медаль тус тус хүртлээ. Тэрбээр тэмцээнд оролцож амжилт гаргасан тухайгаа өөрийн нүүр номдоо “Амжилт гэдэг зөвхөн ганц хүнийх байдаггүй.Үргэлж дэмжиж байдаг хүн бүрт чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичсэн байна. Энэ тэмцээнд оролцсон Монголын тамирчид дөрвөн цом, хоёр алттай эх орондоо ирнэ.