Монгол банкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хурлаа хийж, гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны дарга Н.Баяртсайхан
“Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны ээлжит бус хурлаар Бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляц 2018 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна.
Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж. макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
Монголбанкнаас 2018 оны 12 дугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргалаа” гэв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засагт эерэг, нааштай өөрчлөлтүүд гарч байгааг цохон тэмдэглэв. Тэрбээр “Гадаад зах зээл талаасаа БНХАУ нүүрсний импортдоо хязгаарлалт хийх нөхцөл үүслээ. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ ирэх арванхоёрдугаар сард нэмнэ гэдгээ хэлсэн. 2019 оны гуравдугаар сард мөн дахин нэмнэ гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хөгжиж байгаа бүх улс орны зах зээлээс хөрөнгө урсах үйл явц өрнөж байна. Энэ бүхний эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлж, ханш тогтворжуулахын тулд бид бүх аргыг хэрэглэж байна.
Нэгдүгээрт, 2018 он гарснаас хойш 979 сая ам.долларын интервенц хийсэн. Нөгөө арга нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэх. Энэ шийдвэр өнөөдрөөс шууд хэрэгжих бөгөөд зээлийн хүүнд нөлөөлнө. Бодлогын хүү 1 хувиар өсөхөд зээлийн хүү 0.3 хувиар өсдөг. Ерөнхийдөө нүүрсний экспортын хязгаарлалт, улс төрийн нөхцөл байдал шууд нөлөө үзүүлж байгаа тул ийм шийдвэр гаргах зайлшгүй нөхцөл үүслээ. Бодлогын хүү нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар эдийн засгийг хамгаалах, дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах юм” гэлээ.