АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 6 сарын 5-нд Монгол Улсад
албан ёсны айлчлал хийнэ гэж гаднын хэвлэлүүдээр мэдээлж эхэллээ. Жон Керри
айлчлалынхаа үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж, хоёр
орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарыг үсэг зурж, хоёр талын,
бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцох юм байна. Түүнчлэн
Жон Керри Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Парламентын дарга З.Энхболдтой
уулзахаас гадна Монголын залуу үеийн манлайлагч залуусын төлөөлөлтэй уулзахаар
төлөвлөжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, нөлөө бүхий улстөрч Жон
Керригийн үйл хөдлөл олон улсын анхаарлын төвд байдаг. Тиймдээ ч Монголд хийх
гэж буй айлчлал нь Азийн орнууд тэр дундаа манай хоёр хөршийн анхаарлыг маш
ихээр татаж байна. Жон Керри Украины асуудлаар ОХУ-ын эсрэг хүчтэй дуугардаг,
ОХУ-ын эсрэг үзэл баримтлалтай гэдгээрээ нэлээд нэрд гарсан дэлхийн удирдагч
бөгөөд байр суурьнаасаа ухарч \”хамелеон” зан гаргадаггүй гэдгээрээ АНУ-ын
улстөрийн ертөнцөд ихэд алдаршсан нэгэн ажээ.