Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А, Хэлтсийн дарга Н.Б нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг ТЭРБУМ шахуу төгрөгийн АВЛИГА авсан нь тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр ШҮҮХ-д хэрэг нь шилжээд байна.
Одоогоос яг жилийн өмнө холбогдох газраас Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам доллар, 70.000 юань бэлнээр гарчээ.
Энэ мөнгөнийхээ эх үүсвэрийг тэд тайлбарлаж чадаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалд явуулахад тэд нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр нийтдээ 700 гаруй сая төгрөгийг АВЛИГА-д авчээ. Зөвхөн илэрсэн нь энэ болохоос цаана нь илрээгүй хэдэн ч төгрөгийн АВЛИГА авсныг тогтоох боломжгүй юм.
Хэрэг илрээд жил өнгөрч байхад хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, холбогдогчдыг гадуур шалгаж, хариуцсан ажилд нь өөр хүн томилоогүй, тэр ч бүү хэл Э.Аззаяа, Н.Баярсайхан нартай авлигаар авсан мөнгөө хуваадаг байсан зарим байцаагчид нь өнөөдрийг болтол ажлаа хийж байна. Иймээс тэдэнд авлига өгсөн аж ахуйн нэгж, иргэд гэрчилснийхээ төлөө маш их АЙДАС, ДАРАМТ дунд жилийг өнгөрөөлөө гэж Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн энэ асуудлаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн бөгөөд тус нэвтрүүлэг нь өнөө орой Ийгл телевизээр олон нийтийн хүртээл болох юм байна.