\”Тэтгэвэр нэмнэ” гэсэн энэ үг, энэ
шийдвэр сонгууль болохоос сарын өмнө хэний ч Засгийн газрын үед заавал гарах
ёстой. Энэ журмаараа Шийдлийн Засгийн газраас 2016 оны зургадугаар сарын 1-ний
өдрөөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо.
Засгийн газрын 2012-2016 оны
үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй
уялдуулан нэмэгдүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд дундаж тэтгэврийг 306 мянган
төгрөг болгож, зорилтоо биелүүллээ хэмээн мэдээлэлд тусгасан байна.
Тиймээс Засгийн газар, цаашлаад
АН амлалтаа биелүүлж, тэтгэврээ нэмжээ. Гэвч гарах эрсдэлийг нь үргэлж
тооцдоггүй харамсалтай. Нэг ахмадын тэтгэвэр 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж
байна. Харин үүний цаана бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлс дагаад тодорхой
хувиар өссөөр л байдаг. Энэ нь тэтгэврээ нэмүүлж байгаа ахмадуудад нөлөөлөхгүй
байж болно. Харин аль 2010 оноос хойш цалинд нь өөрчлөлт ороогүй хувийн
хэвшлийнхэн, үнийн нэмэгдэлд \”нам цохиулчих” гээд ганхаж явна. Үүнийг эрх
баригчид үл анзааран, амлалтаа л биелүүлэхийг хичээж, бусдыг нь золиг гаргаж байгаа
хараад суухад хүндхэн л байна.
Ер нь ч тэгээд сонгууль
дөхөхөөр \”нохойд яс шидэж байгаа юм шиг” ахмадууд, оюутнуудыг \”халамжилдаг”
явдлаа зогсоомоор. Эхнээсээ улс төрчдийн
хий амлалтаас үүссэн хөөс хагарч, жинхэнэ дүр төрх нь илэрч байна. Гэтэл бараа
бүтээгдэхүүний үнийг дахиад л хөөсрүүлээд байх юм. Сүүлдээ ч тэтгэвэр нэмнэ гэсэн мэдээг сонсоод баярлах бус \”яс хавталздаг\” боллоо. Хямрал нэмэгдэл авч байгаад
бус харин \”хасагдал бодогдог\” хувийнханд л хүчтэй нөлөөлж байдаг гэдгийг хааяа ч болов бодож, төрийнхөө шийдвэрт тусгаж хайрла.