Хятадууд Монголын ноолуурын бизнесийн 90%-г атгадаг. Одоо харин Хятадууд Монголын махны бизнес рүү орж байна. Удахгүй 90%-г нь атгана.
Үүнд уурсаж дургүйцэж буй Монголчууд их.
Харамсалтай нь үүний учиг нь Хятадууд мундагтаа эсвэл Монголчууд муудаа биш юм аа. Энэ бол зүгээр л зээлийн хүүний асуудал юм. Тайлбарлаж өгье.
Монголд бизнес хийж буй Хятадууд овоож оцойсон мөнгөтэй баячууд нь биш ээ. Ялгаагүй л банк болон бусад эх үүсвэрээс зээл авч үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ. Хятадад бизнесийн зээлийн хүү жилийн 4%. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадууд жилийн 4% хүүтэй мөнгөтэй орж ирдэг гэсэн үг.
Харин үүний эсрэг нь Монгол бизнесменүүд өрсөлдөнө. Харамсалтай тэдэнд банкнаас зээл олдохгүй. Аргагүйн эрхэнд банк-бус, ломбардаас жилийн 40-60% хүүтэй зээл авна. Ингээд нөгөө нэг Хятад бизнесментэй өрсөлдөнө. Адилхан бизнес хийж байгаа тул Хятад бизнесмен болон Монгол бизнесмений олох ашиг нь ойролцоо. Жишээ болгож эргүүлсэн мөнгөнийхөө 20% тэнцэх ашиг хийсэн гэж үзье. 20% гэдэг бол дэлхийд байхгүй өндөр ашиг шүү. Дэлхийн дундаж бол 10-15% байдаг. 20% ашиг олсон Хятад 4%-аа банкиндаа төлж 16% цэвэр ашигтай үлдэнэ. Энэ ашгаа дараа жил дахин эргэлдүүлнэ. Харин 20% ашиг олсон Монгол маань 40-60% хүүгээ төлж дийлэхгүй бүдэрч эхлэнэ.
Урд хормой хойд хормой гэж явсаар нэг мэдэхэд бөөн өрийн сүлжээнд орсоноо мэднэ. Зээлийн барьцаанд тавигдсан орон гэр, бусад хөрөнгөө хураалгах дээрээ тулна. Бизнес хийхээ зогсооно. Харин дараа жил нөгөө Хятад бизнесменд өрсөлдөгч аль хэдийн байхгүй болсон байна. Ингэж л Монгол компаниуд дампуурч Хятад компаниуд хөгжиж байгаагийн учир нь зээлийн хүү юм.
Харамсалтай нь Монголын төрд үүнийг засаж залруулах сонирхол байдаггүй. Учир нь манай дарга сайд нар бараг бүгдээрээ шахуу болсон болоогүй нэг банк-бус, ломбард ажиллуулдаг. Банк-бус, ломбардгүй нь банкинд өндөр хадгаламжтай. Манай дарга нар өндөр зээлийн хүүгээс өндөр ашиг авдаг тул үүнийгээ өөрчлөх дургүй. Харамсалтай нь нэг даргын банк-бус, ломбард ашигтай ажиллаж байхад нөгөө талд нь 10 үндэсний компани дампуурч, хаалга үүдээ барьж байгааг мэдэхийг ч хүсдэггүй! Зээлийн хүүг буулгах талаар ярьж байсан, одоо ярьж байгаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэж ерөөсөө байгаагүй юм. Хачирхмаар!!!
Зээлийн хүүгийн асуудлыг төрөөс бодлого гаргаж шийдэхгүй бол өчигдөр ноолуурын, өнөөдөр махны, маргааш бүх бизнесээ алдах болно!!! Дотоодын аж ахуйн нэгж гэж бүгд байхгүй болно! Энгийн л ойлголт юм л даа уг нь!
Санхүүгийн шинжээч Д.Ангар
Хятадууд зохион байгуулалттай мах авч нѳѳцлѳсѳн талаар мэдээлэл ирсэн.Мѳн дотор нь ажиллаж буй Монгол хүмүүс мэдээлэл гаргасан тэдгээр Хятадууд аялалын визтэй ирчээд ажил хийгээд бизнес эрхэлж визний ангилал зѳрчиж байна.Бүгдийн хар дараад албадан гаргана мѳн махын орлоготой нь хураана.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (цахим хуудас)
“Хужаа нар мах их авч байгаа учраас махны үнэ өсч байна” гээд байхад л “Хужаад эзлэгдчихлээ” гээд байх юм. Монгол малын мах үнэд хүрч байгаа нь сайн хэрэг.
“Ямар ч төрийн бодлого алга” л гэнэ. Харин ч төрийн бодлого байгаа учраас өдий дайтай яваад байгаа юм. Жишээ нь, энэ хятадууд чинь монголоос авсан махаа шууд урагш нь гаргачихдаггүй юм аа. Хаа байсан Владивосток хүртэл хөргүүртэй том машинаар 4500 км тээвэрлээд тэндээсээ далайн тээвэрт шилжүүлж, бүтэн тойроод хятадын өмнөд хэсгүүд рүү нийлүүлж байгаа. Замбараагүй хол зам. Ийм хол, ийм өндөр зардалтай хэрнээ манай зах зээл дээрээс өндөр үнээр аваад байна гэдэг цаашдаа ирээдүй байна л гэсэн үг. Монгол малын /бэлчээрийн/ мах чанартайг нотлоод байна.
Харин бид хорт утаа, хогондоо баригдсан хотод чихчихээд “мах үнэтэй болчихлоо” гээд уйлан донгодоод сууж байвал ёстой хохь нь ээ л гэдэг байх даа. Тэрний оронд махны бизнес хий л дээ. Хөдөө гарч мал малла л даа. Утаагүй, эрүүл агаарт, өндөр орлоготой сайхан амьдарна шдээ. Хямд мах идэх боломж өчнөөн л байна. Хүн хаана, ямар өртөгтэй амьдрахаа өөрөө л шийднэ. Бусдаар шийдүүлэх гээд бусдын юмыг үнэгүйдүүлэх гээд байх эрхгүй. Би махны ченж биш. Малчин биш. Гэхдээ монгол малын мах, түүхий эд, цагаан идээ таван төгрөгөөр үнэтэй байвал баярладаг. Аливаа үнэ цэнийг дагаж бизнес, үйлдвэрлэл, зах зээл хөгждөг. Монголын ХАА, МАА-н баялаг хужаагийн хог шиг хямд байх ёсгүй. Чанартай эд үнэ цэнтэй л байх ёстой.
Цагаан идээ, махны үнэ жаахан өсөхөөр л нэг бол муу хужаа, нэг бол муу малчид, эсвэл муу ченжүүд гээд хараагаад унадаг. Эрэлтээ дагаад өсөлгүй яах юм бэ.
Чиний зарж байгаа барааг хоёр хүн авах гээд өрсөлдвөл өндөр үнэ хэлсэнд нь л өгнө биз дээ. Тэгэхээр малчин ямар буруутай юм…
Зардаг бараа нь олдохгүй, өрсөлдөөн ихтэй болоод арай гэж өндөр үнээр жаахан юм олсон ченж буцаагаад хямд зарах уу? Тэд тэгээд яаж амьдрах юм…
Монголын малын мах амт чанар сайтай, үнэ, ашиг, зах зээлийн нөхцөл нь боломжийн байхад гадаад дотоодын хэн ч эндээс таван цаас олохыг хичээхгүй яах юм. Тэгэхээр тэр хужаа ямар буруутай юм…
Жаахан эрүүлээр сэтгэнэ шүү, хонгорууд аа.
“Махны зах зээлийн салбарт их ирээдүй байна” гээд бизнес мэддэг хүмүүс эртнээс ярьсан. Хужаа нар малчдаас малыг нь дээрэмдэж авдаггүй. Харин ч хатуу өвөл болж буй орон нутгуудад өвөл аажуу болтол мал мах бэлэн мөнгөөр худалдан авсан нь онд орохгүй малаа ялгаж явуулах боломжийг малчдад олгосон.
Хотод зүгээр хэвтэж байгаад “Монгол олон сая малтай учраас би хямд мах идэх ёстой” гэж сэтгэхгүй ээ. Хөдөө гарч мал малладаггүй юм гэхэд боломжоороо тав арван мал цуглуулаад, нэг малчин цалинжуулаад жижиг ч гэсэн бизнестэй бол л доо. Цагаан сараар хямд зардлаар ориг цагаан идээгээр таваг засъя, идье гэвэл зун, намартаа жаахан сүү аваад гэрийн нөхцөлд жоол юм нөөцлөөд ав л даа. Өөрөө хийвэл ямар ч юм амархан, хямд л байдаг. Өрөөлийн хөлс хүчээ шингээж хийснийг та “зүгээр” авах эрхгүй.
Чүлтэм Дашка
“Бүр 100 төгрөг ч татахгүй байна, арай үнэтэй байна шүү дээ” гэсээр хоёр бүсгүй “Хүчит шонхор” захаас гарч байв. Махны үнэ өсөөд буй талаар сурвалжлах зорилготой байсан тул худалдан авагчдын ийн халаглахыг сонсоод учрыг тодрууллаа. Нэрээ хэлэхээс татгалзсан хоёр бүсгүйн нэг нь “Махны үнэ их өсжээ. Өнгөрсөн долоо хоногт ирэхэд хонины цул мах 6,400 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 7,800 болчихсон байна. Цаашид ч нэмэгдэх байх. Яаж мах авахаа мэдэхээ байлаа” гэсэн юм.
Товчхон яриа ийн төгсөж, бид бог малын мах худалдаалдаг заалыг зорилоо. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг энэ хэсэг эл хуль, мах тавьсан цөөн хэдэн лангууг эс тооцвол үндсэндээ хоосорчээ. Баярын амралтын дараахан очсон тул эзгүй байна гэж бодтол зарах мах байхгүй учраас заал ийн хоосорсныг худалдагч нар тайлбарлав.
Хонины мах худалдагч Маналжав “Өмнө нь энэ зааланд мах хангалттай орж ирдэг байсан бол одоо тийм юм алга. Өглөө 5-6 машин мах ачаатай ирж байгааг ч булаацалдаж аваад л дуусах болсон. Өнөөдрийн байдлаар ямааны цул мах 6,700, хонины цул мах 7,800 төгрөг байна. Голдуу Хэнтий, Дорнодоос мах орж ирж байна. Ер нь орон нутгаас ирэх мах эрс багассан. Үүнээс болоод үнэ их өсөж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад л цул мах 1,000 төгрөгөөр өсчихлөө” гэлээ. Хонины ястай мах 6,800, харин гулуузаар нь авах бол кг-ийг нь 5,500 төгрөгөөр зарж байгаа аж.
Түүний хажуугийн худалдагч бүсгүй “Өглөө ирж байгаа махыг хятадуудад “ажилладаг” хүмүүс нь үнэ цохиод авчихдаг. Олон жил ажилласан, танил хүмүүстэй тулдаа л бид бага ч гэсэн мах олж авч байна. Ихэнх худалдагч махаа авч чадахгүй байгаа болохоор заал эзгүйрчихээд байгаа нь энэ. Хүмүүсийн худалдан авалт ч бага байна” гэлээ.
“ЭКСПОРТЫН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙГЭЭС МАХНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА”
Энд адууны мах огт харагдсангүй. Мах зарж буй цөөн хүн зонхилон үхрийн мах дэлгэжээ. Үхрийн махны худалдагч “Монгол Улс 60 сая гаруй малтай хэр нь махны үнэ ийм байгаа нь экспортын ямар ч зохицуулалтгүйтэй холбоотой. Монголчууд өөрсдөө боловсруулаад Хятадад гаргаж болох байтал хэн нэгэн хятад хүн нь дуртай үнээ хэлээд л хамаг махыг хамж авч болж байна.
Өглөөний 05.00-08.00 цагийн хооронд дүүрэн мах ачсан машинууд ирдэг. Гэтэл хятадуудын гар хөл болсон монгол хүмүүс “Манайх худалдаад авчихсан” гээд өгдөггүй. Эмээлт, 22-ын товчоо орчмоор Хятадын махны үйлдвэрүүд их байгаа. Тэдэнд аваачиж өгөхөөр хятадууд өөрсдөө боловсруулаад хилээр гаргана. Энэ бол монголчуудад ямар ч наалдацгүй. Хий дэмий л махны үнийг хөөрөгдөөд, дунд нь иргэд хохирч байна” хэмээн бухимдаж байлаа.
Түүнээс үхрийн өвчүү авах эсэхдээ тээнэгэлзэн буй настайвтар эмэгтэй “Цагаан сараар өвчүү тавья гэж бодтол ганцхан өвчүү л 160 мянга болчихож байна. Үүний хажуугаар чанах мах бас хэрэгтэй. Махны үнэ дэндүү өсөж. Хөгшчүүл бид яаж Цагаан сараа тэмдэглэдэг билээ” хэмээн халаглаж байв.
Харин өөр нэгэн худалдагч “Хаврын цагт л махны үнэ өсөх явдал байдаг. Өвөл бол нэг их өсдөггүй. Гэтэл одоо хаврынх шиг үнэтэй болчихлоо. Тэгэхээр хавар яах юм бүү мэд” гэж байлаа. Тэрбээр ийн үнийн өсөлт гаарч буйг төрийн тогтворгүй байдал, зохицуулалт хийж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаагаа нуусангүй.
Өчигдрийн байдлаар үхрийн ястай мах 9,000, цул нь 10,000 төгрөгийн үнэтэй байна. Харин өвчүү авахад нэг кг-ийн үнийг 8,500 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд 160-400 орчим мянган төгрөгийн ханштай байлаа.
“Хүчит шонхор” захын хашаанд орон нутгаас ирсэн ачааны нэлээд хэдэн машин эгнэн зогсжээ. Зарж буй хонины ууцных нь ханшийг лавлавал 150,000 төгрөгөөс эхэлж байгаа аж.
ХХААХҮЯ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ
Иргэдийн гол хэрэглээ болсон махны үнэ ийнхүү өсөөд буйд холбогдох яамнаас ямар арга хэмжээ авахаар ажиллаж байгааг тодруулахад “Сүүлийн үед улирлын болон нийлүүлэлтийн хамааралтайгаар зах зээл дэх махны үнэ өсөж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг гарсан” гэж мэдээллээ.
Мөн Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэгчдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар нөөц бүрдүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд зохион байгуулж байгаагаа дурдсан. Ингэснээр махны хомсдол үүсдэг хаврын улиралд нийлүүлэлтийг харьцангуй тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс сэргийлэх нэг арга гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулехэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан өнгөрсөн оны дөрвөөс зургаадугаар сард нийт 12.8 мянган тонн махыг зах зээлийн үнээс 10-30 хувь хямдаар нийлүүлсэн. Энэ онд уг ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна” гэжээ.
ГАХАЙН ӨВЧИН ГАРСНЫ УЛМААС ХЯТАДААС ГАХАЙН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЖЭЭ
Худалдаачдын хэлж байгаагаар махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд “үнэ цохиж” авч байгаатай холбоотой гэж буй. Мөн урд хөршид гахайн өвчин гарсны улмаас хятадууд ийнхүү их хэмжээгээр мах худалдан авч байна гэж ярих хүмүүс байлаа. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад,”Хятадад гахайн өвчин гарсан. Үүнтэй холбогдуулан 2018 оны 10-11 дүгээр сараас эхлэн тус улсаас гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлоогүй, түр хориглосон” гэв.
Харин хариуцсан яам нь махны үнийн өсөлтийн учир шалтгааныг судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос урьдчилсан байдлаар шийдвэрүүдээ гаргах аж. Цаасан дээр буух шийдвэр бодит байдал дээр хэр нөлөөлж чадахыг хэлэх нь эрт. Гэвч энэ шийдвэр гарч, хэрэгжтэл иргэд өндөр үнээр махаа авсаар байх нь.
ikon.mn