Японд цэцэрлэгийн насны хүүхдийг орой 8 – 9 цагийн хооронд унтуулж, өглөө 6 – 7 цагийн хооронд босгодог. Энэ нь хүүхдийн тархины болон бие бялдрын хөгжилд чухал нөлөөтэй гэж үздэг байна.
Хичээл заадаг (Японоор Ёочиэн), асардаг (Хоикүэн монгол цэцэрлэгтэй адил) гэсэн 2 төрлийн цэцэрлэг байдаг.
Хүүхдүүдийг цэцэрлэгийн наснаас нь найздаа туслах, гэрлэн дохио, дараалал очерыг баримтлах гээд ёс зүй, дүрэм журмыг мундаг баримталж сургана.
Цэцэрлэгт биеийн тамир, дуу, хөгжим, зураг, япон хэл, усан сэлэлт, англи хэл, балет зэрэг олон төрлийн хичээл ордог. Аав, ээж нь хамтдаа оролцох олон арга хэмжээ, аялал их зохион байгуулагддаг.
Анги дүүргэлтийн хувьд хүүхэд бүртэй тулж харьцахад цэцэрлэгийн багш их анхаарна. 0 – 1 насны ангид 10 орчим хүүхэдтэй 4 багш ажилладаг бол 2 – 3 насны ангид 20 хүрэхгүй хүүхэд 2 багштай байх жишээтэй.
Хоолны шим тэжээлийн баланс судлаач гэсэн тусгай мэргэжилтэй хүмүүс цэцэрлэгийн хоолны цэс, орцыг нь гаргадаг болохоор хүүхдүүд эрүүл хоол хүнс хэрэглэдэг.
Хүүхдийг алагчилж ялгалгүй бүх хүүхдийн ахиц дэвшлийг багш нар нь сайн магтдаг. Хоолоо бүгдийг нь идсэн бол хүүхдийн урамшууллын хүснэгтэнд үлгэрийн баатрын наалт наагаад өгчихнө. Төгсөлтийн илтгэл мөн спорт өдөрлөгийн үед хэн нэг нь түрүүлсэн биш, бүгдээрээ энэ жилийн хугацаанд зөндөө хичээж мундаг байлаа гэдэг утгаар бүгдэд нь бэлэг өгч урамшуулдаг.