Хүүхдээ шилдгийн шилдэг болгох, алтан медаль цомын эзэн байх ёстой гэж хэт их хичээдэг нь ихэнх эцэг, эхчүүдийн гаргадаг алдаа. Магадгүй үүнээс л болж хүүхдийнхээ онцгой шинж, бусдаас ялгарах давуу тал, сонирхол зэргийг нь үл тоомсорлож, улмаар дарагдуулахад хүрдэг байна.
Хүүхэд өөрийн дуртай зүйлээ, сонирхдог зүйлээ хийж, оролдохгүй байсаар дотооддоо ихээхэн зөрчилдөөнтэй болдог байна. Улмаар хожим алдаа гаргах, ядаж л мэргэжлээ буруу сонгоход нөлөөлдөг гэж судлаачид тогтоожээ.
Орчин цагийн нийгэмд хүмүүсийн 70 орчим хувьд дургүй ажлаа хийсээр байгаа гэж Форбес сэтгүүлч бичсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс зөвхөн мөнгө олохын тулд л өөрийгөө хүчлэн ажлуулж байгаа аж. Үүнээс болж мэдээж өвчлөх, стресстэх гээд олон асуудлууд ундран гарч ирдэг. Харин дуртай зүйлээ хийж байгаа хүн ядарч, өлсөж байгаагаа ч мэдэлгүй ажиллах нь бий. Өвчлөх нь ч бага байдаг байна. Мэдээж амьдралаас баяр, жаргалыг мэдэрч байгаа учраас хүрсэн бүхнээс нь сайн, сайхан энерги цацарна шүү дээ.
Гэтэл орчин цагт энэ энерги ялгарах нь багасч, хүмүүс улам л ганцаардмал, зожиг нэгэн болж хувирсаар байгаа. Энэ л эрдэмтдийн санааг маш ихээр зовоож байгаа асуудал юм. Тиймээс хүүхдээ өөрийн хүссэн зүйлээ хийх, дуртай зүйлээ оролдох, эр зориг, эрч хүчийг олго. Үр дүнд нь та хүүхэддээ сайхан ирээдүй бэлэглэх болно.