Одоо үүсээд буй асуудлыг ЗӨВХӨН Үндсэн хуулийнхаа дагуу шийдвэрлэхгүй бол бүх юм хөл толгойгоо мэдэгдэхээ болино. Бүгдээрээ хохирно. Үндсэн хуулийн 20-р зүйлд “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол УИХ-д даалгавар өгдөг газар биш. Ингэвэл УИХ байх утгагүй болох нь. Хууль тогтоох эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэлийн хүрээнд эдэлнэ гэж юу гэсэн үг үү? Үндсэн хууль зөрчиж гарч ирсэн хүнд Үндсэн хуулийг итгэж хадгалуулж болох уу.
Парламентын даргыг олонхоор сонгодог ч хяналт тэнцлийг хангахын тулд сонгогдсоны дараа дарга нь олонхоос тодорхой хэмжээнд хамгаалагдах хэрэгтэй. Иймээс, Үндсэн хуулийн 24.2-т “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн.
УИХ-н гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлдөг хуулийн төслийг баталбал энэ заалтыг зөрчинө. Ямар ч үндэслэлгүйгээр олонхоор түрий барьж чөлөөлдөг болсноор УИХ-ын дарга олонхын буюу Ерөнхий сайдын “утсан хүүхэлдэй” болж, УИХ Засгийн газрыг хянаж чадахгүй болно. УИХ-ын дээр нам гарна. УИХ дахь цөөнхийн хамгаалалт суларна. Чөлөөлөх болон огцруулах үндэслэлд юу багтах вэ гэдэг бол манай хуулиуд, практикт тогтсон ойлголт. Чөлөөлөх үндэслэл гэж хүсэлтээ өөрөө гаргасан, эрүүл мэндийн эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсныг хэлдэг.
Огцруулах үндэслэлд ёс зүйг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн зэрэг өөрийнх нь буруутай байдлыг ойлгодог. Энэ хуулийн төсөлд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах “үндэслэл”-ийг ингэж тодорхой зааж өгвөл би дэмжихэд бэлэн байна. Үгүй бол дутуу хууль гаргаж “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг болох нь дээ.
Хуульч О.Мөнхсайхан