МАН-ынхан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар АН-аас Сонгуулийн ерөнхий хороонд тодорхой шаардлагыг хүргүүллээ.
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал:
-Сонгуулийн тухай хуулийн 7.1.2-д сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг нь СЕХ-д байдаг. Өнөөдрөөс тоолбол сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 50 хоног дутуу байна. Тэгэхээр дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн оролцсон нэвтрүүлэг, түүний хийлгэж байгаа захиалгат нэвтрүүлгүүд хоёр удаагийн давтамжтай 16 телевизээр төлбөртэйгөөр нийтэд хүрч байна.
Сонгуулийн тухай хуульд зөвшөөрөгдсөнөөс бусад үед сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон байгаа. Улс төрийн эрх барьж байгаа нам өөрийнхөө давуу байдлыг ашиглан, асар их мөнгөөр телевизүүдийг худалдан авч өрсөлдөгч намаа намнах гэсэн сурталт нэвтрүүлгүүдийг цацаж байна.
Нэгд, сонгуулийн жил эхэлсэн үед зөвшөөрөгдсөнөөс бусдаар сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглож байгаа. Уг нь Засгийн газрын тэргүүнд хуулиар олгогдсон цаг, мэдээллийн хэрэгслүүд байгаа. Та өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа тайлагнаж болно. Гэтэл тайлангаа тавихын оронд ард түмний дунд байгаа өр зээл, ядуурал, бухимдлыг өөр сэдэвт хандуулж, өрсөлдөгч намаа намнах зорилготой төлбөрт нэвтрүүлэг цацаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж СЕХ-д хандаж байна.
Сүүлдээ энэ нь үндэстнийг хагаралдуулах, үндэсний эв нэгдлийн эсрэг арга хэмжээ болж байгаа учир СЕХ үүнд анхаараач ээ.
Хариуцлагын тухайд мэдээж 48.5.2, 48.5.4 гээд хуулийн заалт бий. Хэрэв сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хууль бусаар сонгуулийн сурталчилгаа хийсэн бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигч нэрээ татах хүртэл заалт байгаа. Тэгэхээр СЕХ хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлээчээ гэсэн хүсэлтийг гаргаж байна.
-Сэтгүүлч: Ц.Элбэгдорж 2024 оны сонгууль аль хэдийнээ хулгайлагдсан гэсэн шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ц.Элбэгдорж гэдэг хүний мэдэгдлийг хараагүй. Тэр юу мэдэгдэх нь тэр хүний асуудал байх. Сүүлийн үед Ц.Элбэгдоржийг АН-тай холбож, наах пиар явж байна шүү дээ. Ц.Элбэгдоржид хандаад хэлчихмээр байна. АН-даа туслаад нэрээ намаасаа татаж байгаад шалгуулаад Л.Оюун-Эрдэнэтэй учраа олчихооч. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн байж намын ард нуугдах гээд байгаа юм уу. Эсхүл залуучууддаа гай болох гээд байгаа юм уу. Нэр мэрээ татаж байгаад шалгуулаад, хийсэн хэрэг байвал ялаа үүр.