Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ АТГ-т ирэх үедээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. АТГ-аас өнгөрсөн 7-р сард Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, хэргийг сэргээн шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.
Тэрбээр, Ерөнхийлөгч байх сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа таван жил тодорхой асуудлуудаар шалгасан. Нийт долоон жил шалгасны дараа эдгээр асуудлуудаар хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж хэргийг хүчингүй болгосон. Дараа шүүх хуралдаж, хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Хэрэг үйлдээд гараад явсан, одоо буцаж ирлээ гэж хүмүүс ойлгодог. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс хууль хяналтын байгууллагууд асуух, шалгах нь нээлттэй байх ёстой гэж би боддог.
Дараа нь буюу 2023 оны 9-р сард Стэнфордын их сургуульд уригдаж явсан. Одоогоор олон улсын 10 гаруй байгууллагад ажилладаг. Өнөөдөр эхэлсэн СОР17 чуулганд миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөллүүд ирсэн.
2024 оны УИХ-ын сонгуульд миний нэрийг ашигласан улс төрийн муухай гүтгэлэг баахан тараасан байдаг. Тэр үед олон улсын хууль сахиулах байгууллага Интерпол руу миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь жил гаруй шалгаад, “Улс төрийн шалтгаантай юм байна” гэж манай хууль сахиулах байгууллагын хүсэлтийг хүчингүй болгосон. Хууль шүүхийн болон олон улсын байгууллагын талаасаа ч асуудал байгаагүй.
Ер нь олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг бол би. Хаана юу хийж яваагаа үргэлж хэлж, ярьж явдаг. 2023 оны 9-р сараас хойш хууль зөрчсөн ямар нэг зүйл байхгүй.
-Та ямар асуудлаар АТГ-т ирсэн бэ?
-АТГ-аас өмнө нь утасдаад “Та өнөөдөр нэг ирээч” гэсэн. Би уг нь СОР17 чуулганы үйл ажиллагаанд оролцох урилгатай. Эхлээд АТГ-т ирж, асуух зүйлд нь хариулаад явах гэж байна.
-Таныг ямар асуудлаар шалгаж байгаа вэ?
-Ямар асуудал байгаа талаар надад мэдээлэл өгөөгүй.










































































