Перу улсад зохион байгуулагдсан авто спортын олимп “Дакар ралли-2019” арван гараанд 5600 км зам туулсны эцэст өчигдөр барианд орлоо. 41 дэх удаагийн энэхүү Раллид 61 орны 541 тамирчин оролцсон байна. Энэхүү тэмцээнд Монголын багийн жолоочоор мото спортын ОУХМ Ө.Бямбацогт, багийн ахлагч чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, механикаар ОУХМ Баттөр, жолооч орчуулагчаар Тэмүүжин нар оролцсон. Тамирчид уралдааны нийт замыг 62 цаг 40 минут 36 секундэд амжилтай туулж барианд орсноор нийлбэр дүнгээрээ 32 дугаар байрт жагссан байна. Мөн UTV open ангилалдаа гуравдугаар байранд орсон бол RANKING PARTICULIER жигд амжилт үзүүлсэн тамирчдын хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Тэд ийнхүү амжилттай барианд орсноороо “Дакар ралли”-ийн замыг бүрэн туулсан анхны монгол тамирчид болж байгаа юм.
Харин мотоциклын төрөлд уралдсан Н.Лхамаа зургаа дахь гарааны үеэр бусдын алдаанаас болж замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлөсөн. Түүнийг элсэн дотроос мотоциклоо гаргах үед 516 дугаартай ачааны машин анхааруулгатай тавьсан каскийг нь дайрснаар уралдах боломжгүй болгосон юм.
Бартаа, саад ихтэй замаа дуусгаж чадсан нь өөрөө маш том ялалт гэдгийг онцолъё.