Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэхүү өвчний халдварыг авахгүй байхын тулд гахайн мах хэрэглэхгүй байхыг албаныхан сэрэмжлүүлээд байгаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Африкийн гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хяналт шалгалтыг хийж 76 тонн гахайн махыг битүүмжилж, 10 аж ахуй нэгжийн үйлдвэрлэж байгаа хиам, махан бүтээгдэхүүнээс лабораторит дээж өгч шилжүүлжээ. Уг шинжилгээгээр ямар нэгэн эерэг үзүүлэлт буюу хүний эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх зүйл илрээгүй учраас хиам болон махан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно гэдгийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэллээ.
Гэхдээ гахайн мах, түүний эд эрхтийг хоол хүнсэндээ хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг анхаарууллаа.
Мялзан өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг аж. Иймд гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар сахиж, өмссөн гутал, хувцсаа халдваргүйтгэх шаардлагатай.
Монгол Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь Улаанбаатар хотод тоологджээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3,3 тн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн байна.
Улмаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан өвчний үүсгэгчээр бохирдоогүй гахайн махыг худалдаанд гаргаж буй юм байна.