УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ одоогийн улс төрд үүссэн нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал, хүсэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаа танилцууллаа.
Тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь буцаан татах санал гаргаж, гарын үсгээ зурсан бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж болох эрх зүйн боломжийг бүрдүүлнэ. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороон дарга иргэдийн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулснаар энэхүү хууль хэрэгжиж эхлэх юм. Энэ нь сонгогчид гишүүнийг эгүүлэн татах санаачлага гаргавал уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй болох юм байна.
Түүнчлэн тус хуулиар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журмыг хуулиар тогтоогоогүй байгаа процессийн хуулийн хийдлийг арилгах зорилготой аж. УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах таван үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, Нэгт, гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хоёрт гишүүн хүндээр өвчилсөний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан, гуравт Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, дөрөвт гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, тавдугаарт гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд эгүүлэн татах боломжтой гэж тусгажээ. Хуулийн төсөлд санал авах тухайгаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Уг хуулийн эцсийн зорилго нэг гишүүнд зориулсан бус ард түмэнд зориулсан хуулийн төсөл гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тодотголоо.
Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон үндэслэлд тулгуурлаж, олон оронтой харьцуулсан судалгаанд үндэслэн боловсруулсан гэдгээ хэлсэн.
Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан болтөлөөлөгчийг эгүүлэн татдаг бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларусьт 20 хувь гэгчлэн хуульчилсан байдаг байна.