Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 0336 дугаар ангид цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү хэргийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас ажлын хэсэг байгуулагдан тус ангид шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Тиймээс тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг өчигдөр /2019.01.30/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Ангийн захирагчтай хамт хэд, хэдэн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Шалгалтын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийх үеэр Бригадын генерал Б.Амгаланбаатар “Гүйж чадахгүй байхад нь тухайн хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Гэхдээ үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байх. Цохисон болохыг хажууд байсан цэргүүдийн яриагаар нотолсон” гэж мэдэгдлээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Талийгаачийг гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэвч бахардаад унахад нь ахлагч нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.
Дашрамд дурдахад, Зүүнбаян дахь тус ангид 2017 оны өвөл нэг цэрэг цагийн манааныхаа байрлалыг орхин ахлагчдаа шийтгүүлснээр есөн хуруугаа хөлдөөн тайруулсан харамсалтай хэрэг гарч байсан аж. Мөн хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх үед хээрийн сургуулилтын үеэр хоёр албан хаагч гранатад өртөж амиа алдсан дуулиант хэрэг мөн болж байжээ.