Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор өвлийн улиралд болон хаврын эхэн сарын шинийн нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд хурдан марины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг унаачаар оролцуулахыг хориглосон билээ. Саяхан ЗГХЭГ болон ХЭҮК-оос энэ талаар дахин сануулга гаргасан.
Хэдэн жилийн өмнө энэхүү уралдааныг эсэргүүцсэн нэгэн хуульч бүсгүй Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг байсан тус уралдааныг Улсын дээд шүүхээр хүчингүй болгуулж, улмаар Засгийн газрыг шүүхэд өгч ялсан билээ.
Гэтэл саяхан Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт хурдан морины үсэргээн зохион байгуулсны улмаас арван настай хүү амиа алдсан хэрэг гарсан. Энэ нь Монголын морин спорт, уяачдын холбоонд сануулга болсонгүй. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймагт гурван насны морьд уралдуулж Засгийн газрын тогтоолыг зөрчлөө. Үүнээс гадна л гэхэд ГССҮТ-д мориноос унаж бэртсэн 53 иргэн хүргэгдсэн байна.
Үүнийг үл тоон Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Ц.Батсайхан хаврын эхэн сард зохион байгуулдаг байсан Дүнжингарав уралдааныг Засгийн газарт уламжилж сэргээнэ гэнэ. Тэрээр, “Дүнжингаравын уралдаан бол оны өнгө шинждэг том уралдаан. Мориныхоо өнгийг шинжихээр олон уяач энэхүү уралдааныг зорьдог. Сая их хурал дээр орон нутгийн төлөөлөгч хаьрйн морины уралдааыг зохион байгуулахгүй бол хөдөө орон нутгийн залуу уяачдын идэвх буурч, малаа өсгөх эрмэлзэлгүй болж, хот хороо орох хандлагатай болж байгаа талаар санал хэлж байсан. Хаврын уралдаан зохион байгуулах талаар уяачдаас санал авахад 100 хувь дэмжсэн. Үүнийг бид цааш уламжлах үүрэгтэй” гэж ярьжээ.
Цаашид уяач болдог ч юмуу, хүн “алсан” ч Улсын дээд шүүхийн тогтооол үйлчлэхгүй амар зүгээр.