Өчигдөр Монголын “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг нэгэн чухал тоглолтыг өөрийн талбайдаа хийлээ.
“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Рёмёнг” клубууд тоглохоор оноолт таарсан. Хоёр багийн эхний тоглолт 3:0-ийн харьцаатайгаар зочин баг болох “Рёмёнг” багийн ялалтаар өндөрлөсөн байна.
Тоглолтын эхний гоолыг 12 дахь минутанд “Рёмёнг” баг торгуулийн цохилтоор оруулсан бөгөөд эхний үед тэд гурван гоол оруулжээ. Харин хоёрдугаар үед “Эрчим” баг хэд хэдэн аюултай довтолгоон хийсэн боловч онооны харьцаанд өөрчлөлт оруулж чадалгүй байсаар цаг дууссан байна.
Хойд Солонгосын “Рёмёнг” клуб нь 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ. Тэд хариу тоглолтод тэнцэхэд л “Азийн цом”-ын тэмцээний дараагийн тойрогт тоглох эрхтэй болох юм.
Хоёр багийн хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр Пхеньян хотноо болох товтой.