ШХАБ-ыг анх 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан улсын төрийн тэргүүнүүд уулзаж, хилийн цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар улс төрийн нэгдэл болгон байгуулсан түүхтэй. Үүнээс хойш ШХАБ Узбекстан, Энэтхэг, Пакистан улсуудыг гишүүнээр элсүүлж, ажиглагч болоод түншийн хүрээгээ тэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Энэ нь олны анхаарлыг ихэд татсан шийдэл болсон юм. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг дэмжих эсэхийг хүргэж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Монгол улс ШХАБ-ын анхны ажиглагч гишүүн болсноос хойш бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрээ оруулж, ШХАБ-ын идэвхтэй, ажиглагч орон байсаар ирсэн. Одоо ч бидэнд ажиглагчийн статус хангалттай.
Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун: -2018 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төвийг сахих талаар гаргасан зөвлөмжийг хүчингүй болгосон. Манай хоёр хөрш гишүүн энэ байгууллагын гишүүнээр байгаа учир монгол улс бас гишүүнээр орох нь ашигтай.
Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхсайхан: -ШХАБ-ын орнууд найман гишүүнтэй. Ихэнх нь авторитар дэглэмтэй. Дэглэмээ хамгаалахын тулд иргэдийн чөлөөтэй бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халддаг явдал бий. ШХАБ-ын хүрээнд тэд нэг хэлэлцээр байгуулсан байдаг юм. Терроризм, сепаритизм, экстремизм гэсэн гурван зүйлтэй хамтарч тэмцэх агуулгатай хэлэлцээр. Шанхайн конвенц гэсэн нэртэй. Тэр конвенцээр авторитар дэглэмтэй санал нэгдээгүй ямар ч хүний эсрэг ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно.
Ч.Даваадаш /Ахмад дипломатч, доктор, профессор/
Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй. Бид тэртэй тэргүй хоёр их гүрний хооронд “өндөгний доторх шар” шиг амьтад шүү дээ. Энэ нь хаанаас ч нэвтрэх орон зай үгүй гэсэн үг. Тиймээс бид энэ дотроос дэлбээлж гарч ирвэл аз. Хэрвээ ингэж чадахгүй бол байдал тиймэрхүү л байх болно.
Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол улс ШХАБ-д элсэнэ гэдэг бол Монгол улс Хятадад дагаар орох өргөдөл өгч байна гэсэн үг. “Энэ байгууллагад элсэх нь зөв” гэх мэтээр олны тархийг угааж байгаа зарим нэг улстөрчдийг шалгах хэрэгтэй.
ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, ШУ-ны профессор Ж.Баясах: Бид одоо энэ байгууллагад элсэх нь зөв юм. Орос, Хятадын одоогийн удирдлагууд 10 гаруй жил төр барих нь тодорхой байна. Мөн ШХАБ-д элсэх өргөдлөө өгчихсөн Турк, Иран, Швед гээд 10 гаруй улс байна.
Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Учир нь, ШХАБ гэж ямар утга учиртай, ямар алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдөр мэдэхгүй байгаа.