“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл энэхүү нууцаас гаргасан материалын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар дэлгэлээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Өнөөдрийн мэдээллийг 2017.02.10-ны өдрийн УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хийж байна. Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг судалж, хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан. Хэлцэл хийхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн эх үүсвэрийг тогтоох, уг санхүүжилт мөнгө угаахтай холбоотой эрүүгийн харилцаа үүссэн эсэхийг нягтлах нөхцөл байдал үүсч байгаа. Санхүүгийн схем хэрхэн боссон талаар тайлбарлая.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон.
• -Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК
• -Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
• -Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д
• -Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК
• -Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д
“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг ажилладаг. Улмаар “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девелопмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар орсон байна. Мөн 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар оржээ.
Түүнчлэн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн байна.
• Аж үйлдвэрийн яам /2015-2016/ 90.3 сая ам.доллар
• Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээлээр 111.2 сая ам.доллар
• Монголбанкнаас зузаатгал нэрээр /2016.06/ 81.5 сая ам.долларын санхүүжилт хийжээ.
Дээрх хөрөнгийг “Канетик”, “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци” болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон байна.
Ингээд нийтдээ “Монголын зэс корпораци”-ийн дансанд:
• 62.9 сая ам.доллар /2016.06.20/
• 56.5 сая ам.доллар /2016.04.21/
• 90.3 сая ам.доллар /2016.06.20/
• 81.5 сая ам.доллар /2016.06.20/
• 111.2 сая ам.доллар /2016.06.20/ буюу нийт 400.27 сая ам.долларын санхүүжилт хийгдсэний дийлэнх болох 72.4 хувийг төрөөс зээлж авсан байна.
Үлдсэн 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээс бүрдсэн.
Шүүх дээр “Монголын зэс” ХХК, Худалдаа хөгжлийн банк хоёр хоорондоо хамааралгүй гэсэн маргаан яваад байгаа. Д.Эрдэнэбилэгийн байгуулалцсан компани гэдэг нь 32 дугаар тогтоол дээр байгаа.
Сангийн яам, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанканд мөнгө байсаар байтал худалдан авах эрхээсээ татгалзаж, бусдад давуу эрх олгосон. Энэ схемийг нотлох гэж цагдаад хандахад нотлох баримтуудыг өгөхгүйгээр Нийслэлийн прокурорт хоёр жил дарагдуулсан.
Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна. 49 хувийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь үүсгэн байгуулсан компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Тиймээс шүүгчийн асуудлаар АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Надад тухайн үеийн Засгийн газрын хуралдааны протокол байна. Энд улсын мөнгөөр улсын үйлдвэрийг хэрхэн худалдан авах загварыг энэ хүмүүс гаргасан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Монголын өмч хөрөнгийг луйвардсан тухай маш тодорхой бичсэн байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг яаж улсын мөнгөөр худалдан авах уу, давуу эрхээсээ татгалзаж Худалдаа хөгжлийн банкинд өгөх үү гэдэг хуралдаанд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат оролцсон. Харин С.Эрдэнэ ийм асуудалд бүр бүлх залгисан юм шиг суусан байна. Р.Жигжид сайд харин зөв дуугарсан. Стратегийн ордын хувьтай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэж. М.Энхсайхан 49 хувийг худалдаж аваад цааш нь зарах гэж байгаа юм биш биз гэж хэлсэн байна лээ. Г.Баярсайхан 49 хувийн талыг Монголын ард түмэн Засгийн газар авч болдоггүй юм уу гэж бас хэлсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх 14 хоногт энэ асуудал эцэслэж, үнэн зөв эсэхийг нь эцэслэх бөгөөд үүний дараа бондуудын асуудлыг ч ярих болно гэлээ. Бондын асуудал дээр хэлмэгдсэн аж ахуйн нэгжүүд байвал төр уучлалт гуйгаад цааш явах нь зүйтэй гэв.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах нь тодорхой боллоо. Бусад Төмөрлөгийн үйлдвэр зэргийг буцааж авах уу?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийн санхүүгийн схемтэй холбоотой хэвлэлийн хурал. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах гэсэн боловч буцаасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас, төрөөс хэдэн төгрөг гарсан юм бэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Энэ мэдээлэл хэн нэг хүнийг хэлмэгдүүлэх, аж ахуйн нэгжид дарамт үзүүлэх бус хоёр жил хэлэлцсэн зүйлдээ шийдэл гаргах гэж байгаа. Энэ схем ил болоогүй нөхцөлд ямар ч шийдэл гарах боломжгүй. Тийм учраас зориуд эх материалуудыг нууцаас гаргаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүстэй холбоотой асуудалд Захиргааны хэргийн шүүх нэг талыг барьсан.
-“Эрдэнэт”-ийн асуудлаар Засгийн газар 20 гаруй удаа шүүх дээр унасан. Нэг нам эрх барьж байгаа энэ үед асуудлыг яагаад цэгцлэхгүй байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-МАНАН бүлэглэл хууль хяналтын байгууллагыг авчихсан. МАНАН төрийн өмчит компаниудыг төдийгүй хууль хяналтын байгууллагыг хувьчлаад авчихсан. Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр хууль хяналтын байгууллагыг эрхэндээ байлгасаар байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувь эргэж ирнэ.
“Монголиан копер” корпориацаас Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг шүүхэд өгсөн. Энэ талаар?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Иргэн Пүрэвтүвшин намайг гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна лээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод ямар нэг худал мэдээлэл өгөөгүй. ЗГХЭГ-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ мэдээлэлд нэг ч худал зүйл байхгүй. Н.Пүрэвтүвшин ахын дүү хэн нэгний гар хөл болж байж хохиров оо. Тийм учраас ахын дүү болгоомжтой бай. Тоглоом тоотой нь дээр. Үр хүүхдээ, дүү нараа хайрлахгүй ийм улаан цайм асуудалд холбогдуулж байгааг гайхаж байна.