Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж буй.
НОБГ-ын дарга А.Дашням үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод 2023 оны 7, 8 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас дөрвөн удаагийн үер болсон. Үерт нийт 96 хорооны 31,6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, байгууллага, 231 тээврийн хэрэгсэл өртсөн. Мөн 21 байршилд гудамж, зам талбай усанд автсан бөгөөд 74,023 хэрэглэгч цахилгаангүй болсон.
Үерийн үед хэрхэн ажилласан талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой комиссын ажлын алба хамтран “Үерийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сургамж, туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг байгууллага тус бүрээр боловсруулан, нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Цаашид байгууллагууд болзошгүй үерийн үед ажиллах бэлэн байдлыг зөвлөмжийн дагуу хангах шаардлагатай.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг дарга нарт гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд сайн дурын хэсгийг байгуулж ажиллах талаар үүрэг өгсөн. Иймд сайн дурын үйл ажиллагааг дэмжих замаар, хүн хүчний нөөцөө нөхөж, дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрчимтэй ажиллуулж, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай” гэв.
Мөн нийслэлийн Гамшгаас хамгаалах инженер техникийн 9 албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна.
Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгожээ.