Хоёр жишээгээр тайлбарлая. Britney Spears-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн нэгэн дуу байдаг. Тухайн дуу түүний өгсөн ярилцлага дээр тулгуурласан юм. Хүүхэд байхдаа платье өмсөөд аав дээрээ очоод “ааваа би хөөрөн харагдаж байна уу” гэхэд аав нь сонин уншиж байгаад нээх анзаарахгүй “тийм байна” гээд тоогоогүй. Харин тэр дахин өөр платье өмсөөд ирэхэд аав нь тоогоогүй байдаг. Тэрээр амжилтад хүрээд нэгэн ярилцлагадаа “хүүхэд насандаа ааваараа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй нь миний сэтгэл зүйд маш их гэмтлийг учруулсан. Үүнээс хойш миний амьдралын зорилго бүх эрчүүдэд хүлээн зөвшөөрөгдөх болж хувирсан. Аавын тэр хандлага миний амьдралыг маш ихээр нураасан” гэсэн байдаг.
Мөн 1980 оны эхэн үед төрсөн эрэгтэй үйлчлүүлэгчдийн дунд ийм асуудал байна. Согтуу байгаа аавыгаа хүлж унтуулдаг байсан өсвөр насаа дурсаж ярихад “аав ээжийг хүчирхийлж байх үед би хэзээ ч архи уудаггүй хүн болно гэж бодож байсан. Харин одоо би архи уудаг. Учир нь үүнээс илүү амьдрал байдаг гэдгийг харах үлгэр жишээ надад байгаагүй” гэдэг. Иймээс аав хүн, эр хүн ямар байх ёстой вэ гэдгийг хөвгүүддээ харуулдаг бол, охидууддаа эр хүнээс юуг хүсэх вэ, ямар хайр, хүндэтгэлийг авах ёстой вэ гэдгийг харуулдаг.
Аав хүний нөлөө гэр бүлд гайхамшигтай юм. Түүний байгаа байдал, үг хэл, үйлдэл шууд утгаараа хүүхдэд нөлөөлдөг. Үр хүүхдийнхээ дэргэд үгээ захирч чадахгүй бол тэр эр хүнийг нас нэмсэн банди гэж нэрлэнэ. Жишээлбэл, 2012 онд манай нэг үйлчлүүлэгч “манай хүү айхтар худлаа ярих юм. Та манай гэрт ирээд хүүтэй минь уулзаад өгөөч” гэсэн. Тэгээд гэрт нь байж байтал коридорт утас дуугарахад нөхөр нь “эхнэртээ би хүнтэй юм ярьж байна. Намайг байхгүй байна гээд хэлчих” гэхэд эхнэр утас аваад түүнийг байхгүй байна гэж хэлсэн. Хүүхэд зөвхөн үгээр хүмүүждэггүй, эцэг эхийн хэлсэн үг үйлдлээсээ зөрж байвал энэ нь хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлж байдаг. Мянга сайхан юм яриад, гудамжинд гараад өөр зүйл хийж байгаа бол хүүхэд яг тэрийг дуурайдаг.
Хүүхэд зөвхөн үгээр хүмүүждэггүй, эцэг эхийн үйлдлээр хүмүүждэг
Sony” корпорацийг үүсгэн байгуулагчийн бичсэн номыг уншиж байхад “Аав хүүхдийнхээ нүдэнд бүгдийг чадагч, бүх дэлхий нь болж харагддаг” гэж тайлбарласан байдаг. Эр хүн бусад хүний нүдээр Батаа, Баяраа гэх энгийн нэгэн залуу байлаа ч, хүүхдийнхээ нүдэнд дэлхий ертөнц болж харагдаж байгаа юм. Энэ дэлхий ертөнцийг хүүхэд ааваараа төсөөлж харж байдаг. Германы нэгэн судалгаан дээр ээж хүний нөлөөнөөс аав хүний нөлөө тав дахин биш, 50 дахин их нөлөөтэй гэсэн байдаг.
Энэ ярилцлагыг уншиж байгаа эр хүн та анх гэр бүл болж байхад аав ээжээсээ хэрхэн гэр бүл болох талаар зааварчилгааг авч байсан уу. Хэрвээ үгүй бол хүүхдээ ч гэсэн тэр амьдралаараа битгий амьдруул. Хүүхдэдээ гэр бүл ямар чухал вэ гэдгийг багаас ойлгуулах нь манай нийгэмд хамгийн их дутагдаж байна. Чингис хаан “эхлээд биеэ засаад, гэрээ зас тэгээд төрөө зас гэдэг учраас эр хүн өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлэх ёстой. Төлөвшил нь хүний насаар хэмжигдэхгүй, тухайн хүн өөрийгөө хэр сайн хөгжүүлсэн бэ гэдгээр хэмжигдэнэ. Энэ ярилцлагыг уншиж байгаа эр хүн Та хэзээ хамгийн сүүлд үсчинд орсон бэ, хэзээ үнэртэй ус цацсан бэ. Хүн өөрийнхөө гоо сайханд анхаарч болж байгаа юм. Тэгвэл хүүхдийнхээ төлөө жилд ганц удаа сэтгэл зүйн ном уншиж байна уу. Хэрвээ үгүй бол гадаад гоо сайхандаа анхаарал хандуулаад, гэр бүлийнхээ гоо сайханд анхаарал хандуулахгүй байна гэсэн үг.