Өчигдрөөс эхлэн Япон улсад шинэчлэгдсэн цагаачлалын хууль хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль мөрдөгдөж эхэлсэнээр гадаадын улс орнуудаас мэргэжлийн ажилчид авах боломж нээгдэж байгаа юм. Мөн өмнө нь хэрэгжиж байсан дадлагажигч ажилчны хөтөлбөрийн дутагдлыг нөхөж, ажиллах хүчнийг татах боломж бүрдэж байгаа юм.
Гадаад ажилчны виз нь дотроо “Type-1”, “Type-2” гэсэн хоёр төрөлтэй. “Type-1” виз нь Монгол, Камбож, Хятад, Малайз, Мьянмар, Балба, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн Азийн есөн улсаас мэргэжлийн ур чадвар болон япон хэлний шалгуур хангасан мэргэжлийн ажилчдыг Японд ирүүлэхэд зориулагдсан.
Харин “Type-2” визний шалгуурт илүү нарийн мэргэжлийн ажиллагсад хамрагдах бөгөөд Азийн орнуудын иргэд хязгааргүй хугацаагаар Японд гэр бүлийн хамт ажиллаж амьдрах боломжтой бож байгаа юм.
Япон улсын Засгийн газраас ойрын таван жилийн хугацаанд гадаадын улс орнуудаас 340,000 ажиллах хүч авахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар тус улсад 1,2 сая ажиллах хүчин дутагдаж байгаа бөгөөд ихэнх нь барилга, зочид буудал, хөдөө аж ахуй, ресторан, загас агнуурын салбарт ноогдож байгаа юм.
Эх сурвалж: Nikkei