Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Тэрбээр 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн (тэрбээр 1956, 1988 онд хоёр удаа айлчилжээ) гэх мэт хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болсныг тэмдэглээд, “БНАСАУ, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувиршгүй, тууштай бодлого юм. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэхүү харилцаанд ач холбогдол өгч, онцгой анхаарлаа хандуулдаг” гэжээ.
Элчин сайд О Сын Хо парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцлоод, БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд (2018.09.09) УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан, энэ онд төр, засгийн түвшний төлөөлөгчдийн хэд хэдэн айлчлал болох гэж байгааг дурдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урьжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал, БНАСАУ-ын Ардын Дээд Хурал хамтран бүс нутгийн улс орнуудын парламентын чуулганыг Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх зэрэг тодорхой сэдвийн хүрээнд, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжих чиглэлээр Монгол Улсын нийслэлд зохион байгуулах саналтай байна гэлээ.
Энэ үйл ажиллагаанд БНСУ-тай хамтарч ажиллах боломж бийг мөн онцлов. Түүнчлэн 2018 онд Сингапурт, 2019 онд Вьетнамд болсон Дээд хэмжээний уулзалтыг ирэх онуудад Улаанбаатарт зохион байгуулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн юм.
Тэрбээр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлалын үеэр замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр, засаг, ард түмэн талархах болно гэв.
Ноён Элчин сайд О Сын Хо “Таны тавьсан саналууд нь хоёр улсын найрамдалт, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжааж, энхтайван тогтооход Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн хүчин чармайлтын илэрхийлэл гэж үзэж, гүнээ талархаж байна. Саналыг төр, засгийн байгууллага, удирдлагууддаа уламжлах болно” хэмээв.
Тэрбээр Өвөрхангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг, Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг маш сайн ажиллаж, тэнд хүмүүжих хүсэлтэй хүүхдүүд олширсноос ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа тул өргөтгөл бариулах хөрөнгийг төсөвт тусган шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж өгөхөө амлалаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс