Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс их аварга хакүхо М.Даваажаргалд шийтгэл оноох болсон байна. Гэхдээ одоогоор түүнд яг ямар хариуцлага хүлээлгэх талаар шийд гараагүй байгаа аж.
Өнгөрөгч гуравдугаар сарын башёд нэг ч унаагүй түрүүлсэн их аварга Хакүхо башён сүүлийн өдөр шагнал гардах үедээ нэгэн алдаа гаргасан гэж үзжээ. Тэрээр сүмогийн ордонд цугласан нийт үзэгчдийг алга ташин уухайлуулсан үйлдэл хийсэн нь энэхүү шийтгэлийг өгөх шалтгаан болжээ. Энэ тухай Ёкозүнагийн зөвлөлөөс “Сүмод ийм ёслол хийх ёсгүй” гэх тайлбар өгч, уламжлал ёсоо хадгалж үлдэхийн тулд түүнд ийнхүү шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ гэсэн байна.
Харин энэхүү асуудалд Хакүхо тайлбар өгөхдөө “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэхийг хүссэн” гэжээ.