Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхой бус, монгол улсад хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй эм, эмнэлэгийн хэрэгсэл болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байхыг НМХГ-аас иргэдэд анхаарууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт иргэний ирүүлсэн гомдлын дагуу иргэн Е.Б-ийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах орон байранд харъяа дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн байна.
Энэхүү шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Black Gold 0.5г эрчүүдийн бэлдмэл гэх бүтээгдэхүүнийг утсаар захиалга авч, хүргэлтээр худалдан борлуулдаг, мөн хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулж байсан зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: НМХГ