“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банктай үүсгэсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Анх “Жаст” компани “Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар 160.1 сая ам.доллар зээлжээ. Гэтэл зээл авсан тал эргэн төлөхгүй байхаар нь “Стандарт” банк Лондонгийн Арбитрийн шүүхэд 2012 онд хандсан байна. Ингээд л уг асуудал бидэнд сонстож эхэлсэн аж. Нэхэмжлэгч тал анх Арбитрт хандахдаа “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Харин Лондонгийн шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар оролцсоныг үндэслэн 51 сая ам.доллар төлөх эцсийн шийдвэрийг гаргасан байна. Мөн Английн дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг яаралтай өрөө төлөхгүй бол үйлдвэрийн гүйлгээг царцаах, эд хөрөнгө хураах шийдвэр гаргасан аж. Ингээд ажлын хэсэг хуралдаж, Ерөнхий сайд үүрэг өгсөний дараа эсрэг талтай зуучлагчаар дамжуулж гэрээ хийж эхэлсэн байна. Энэхүү гэрээг хийснээр эсрэг талд төлөх төлбөрийг 40 сая.ам доллар болгон бууруулж чаджээ. Зайлшгүй төлөх ёстой учир тус мөнгийг компанийн эрсдлийн сангаас төлж, “Стандарт” банкнаас нэг юм “салж” амарчээ.
Хэрэв “Стандарт” банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан аж.
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:
-Английн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол “Стандарт” банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдвэрийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан. Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН:
-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд өмнө нь Эрсдлийн сантай байсан. Энэ сангаасаа уг асуудлыг зохицууллаа. Үүнээс болж “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд догдолдол үүсэхгүй.